Бичил бизнесийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх нийслэлийн хөтөлбөрийг баталлаа
НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хөтөлбөрийн талаар товч танилцуулахдаа, нийслэлийн энэ оны төсөвт бичил бизнесийг дэмжих зорилгоор 15,2 тэрбум төгрөгийг суулгасан. Бичил бизнесийг дэмжин зээл олгохдоо иргэддээ аль болох хүндрэлгүй уян хатан нөхцөлтэй байхаар боловсруулсан бөгөөд үндэсний үйлдэрлэлээ дэмжин, ажилгүйдлийг буурлуулах зорилгоор бичил бизнесийн зээл олгох сангийн журмын төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо.
Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг болосвруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авахад иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Харин энэхүү санхүүжилтийг хэрхэн хуваарилах, ямар зарчмаар явагдах талаар зохицуулалт хийсэн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн бичил зээлд хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулсан судалгааг өргөн хүрээнд явуулсан байна. Судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтойгоо илэрхийлжээ. Хөтөлбөрт нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох юм байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”байгуулах шаардлагатай гэж үсзэн байна. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас олгох зээлийн хугацааг 36 сар, хүүгийн дээд хэмжээг жилд 14,4 хүртэл хувь байхаар тооцон нэг зээлдэгчид 5 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор хөтөлбөрт тусгажээ. Энэ нь аль болох олон өрхөд хүрч үйлчлэхийн тулд зээлийн хэмжээг бага тогтоожээ.
Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдана гэдгийг хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгээс хэлж байлаа. Зөвхөн зээл олгоод зогсохгүй бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрөөр давхар зохицуулахаар тусгасан байна.
Бичил зээлийг зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, ашгийн төлөө бус, сайн дурын гишүүнчлэлтэй, ардчилсан удирдлага, хамтын шийдвэр, хамтын хяналттай хараат бус бие даасан байх, зээлийг хамгийн таатай, хялбар нөхцөлөөр олгох хуулийн хэлбэр болох Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан зээлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ нь ямар нэг шат дажлага, засаг захиргаагаар дамжихгүйгээр иргэндээ шууд хүргэх зорилготой гэдгийг нийслэлийн Засаг дарга тайлбарласан.
НИТХ-ын ээлжит хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг баталлаа. Мөн бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталлаа. Ингэснээр олон төрлийн шат дамжлагагүйгээр зорилтот бүлгийн иргэдэд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм.