Хүүхдийн утас “108” дугаарын дуудлагын орох яриа төлбөргүй боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр хуралдан Хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагаа, үйлчилгээг шинэчлэх, өргөжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Тогтоолоор:
1. “Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний нийтлэг дүрэм”, орон тоо, төсвийг шинэчлэн баталж, 2014 оны төсвийг хүүхдийн төлөө сангийн зохих эх үүсвэрээс эхлүүлэх, 2015 оноос хүүхдийн төлөө үндэсний газрын төсөвт нэмж тусган санхүүжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ-д
2. Хүүхдийн тусламжийн утсыг “108” тусгай дугаарыг яаралтай үйлчилгээний ангилалд шилжүүлэхийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнд
3. Хүүхдийн тусламжийн утас “108” дугаарын орох ярианы төлбөрийг чөлөөлж, хүүхдүүд үнэ төлбөргүй холбогдохыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаад
4. Хүүхдийн тусламжийн утасны шинэчилсэн үйл ажиллагаа, үйлчилгээг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэн, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар тус тус үүрэг болголоо.
Хүүхдийн төлөө үндэснийтэргүүн, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хурлын үйл ажиллагааг дүгнэж үг хэллээ. Монгол улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдсэн улсын хувьд Олон улсын өмнө хүүхдийн эрхийг бодитой хэрэгжүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх хүчин чармайлт гаргаж байгаагийн илэрхийлэл нь Хүүхдийн тусламжийн утас юм. Хүүхдийн тусламжийн утсыг гурван оронтой “108” гэсэн дугаартай болгох, үйл ажиллагааны төсвийн найдвартай санхүүжилтийн шийдлийг гаргах, дуудлагын орох яриаг төлбөрөөс чөлөөлөх гэсэн асуудлыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн энэ удаагийн ээлжит хурлаар шийдвэрлэлээ. Энэ асуудлыг шийдвэрлэсэнээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” 3 дугаар нэмэлт Протоколд Монгол улс нэгдэн орох бэлтгэл ажлыг эхлүүлж байгааг Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ.
Хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи, санхүүгийн болон мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж нийгмийн хариуцлагатай ажиллаж байгаа Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ-д ХТҮГ-ын хамт олон нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.