Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 5 сарын 28

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна. /2014.05.22 - 2015.05.27/

 

БШУЯ-ны  Дээд боловсролын  шинэчлэл-ийн зөвлөх   Р.Бат-Эрдэнэ: Иймэрхүү  үг хэл  гаргах  хүмүүс   эрдэмтэн   профессоруудын   дунд   баймааргүйсэн 

Бакалаврын хөтөлбөрт  тавигдах  нийтлэг   шаардлагуудыг   шинэчилж  байна. Энэ  шаардлага  өмнө   нь   БШУЯ-аас  их  дээд сургуулиудад тавьдаг  байсан шаардлагаас хэд хэдэн  онцлог  давуу  талтай  билээ. Хамгийн  гол  нь  өмнө нь яамнаас маш олон  хичээлийг  үзүүлэхээр   шаардаж  мөрдүүлдэг байсан. Яамнаас  заавал  судлагдах   хичээлийн  тоогоо цөөлсөн харин  яг  ямар хичээлүүд  үүнд  хамаарагдах тухай жагсаалт удахгүй  гарна. Дээрх  нийтлэг  шаардлагад    хавсаргасан  зөвлөмжид  эрдмийн  суурь   хичээлээр  оюутанд  ямар  мэдлэг   чадвар  чадамж  эзэмшүүлэхээр төлөвлөх  чигийг  тодорхойлсон. Тэр зөвлөмжид  Монголын   түүх  соёлын   талаар   мэдлэгээ   өргөтгөх гүнзгийрүүлэх  хичээл байхаар тусгасан юм  билээ. Яг  ямар   нэртэй  түүхийн  хичээлийн  хэн гэдэг  профессор заахыг  сургууль  өөрөө шийднэ. Өмнө  нь  яамнаас   албан  ёсоор   тогтоосны дагуу  заавал  заадаг  хичээлүүд  олон  байсан. Ийм  хичээлийг   заах  багшийн   хувьд  санаа   зовохгүйгээр   бүх  оюутанд тулгаж заадаг байсан  болохоор амар  хялбар байсан  биз. Гэтэл  одоо  өөрөө  агуулгаа  шинэчилж   сайжруулж  оюутанд  сонирхолтой болгож  байж  заах болж байна. Ийм  ажлаас   шантарч  байгаа  бол  тийм  хүмүүст   хэцүү  байх. Өөрийн  төвөгшөөсөн   зүйлээ  зөв  байсан ч мушгин  иймэрхүү үг хэл гаргах хүмүүс  эрдэмтэн профессоруудын  дунд баймааргүйсэн. МУИС, бусад  сургуулиудад  Монголын хамгийн  шилдэг   эрдэмтэд  байгаа  юм  бол  энэ   хүмүүст  өөрт  мэргэжлийн  эрх чөлөө олгож  байгааг хамгийн   ихээр  дэмжиж  талархаж  хийх  байх   гэж  бодож  байна. /Улс  төрийн  тойм 2014.05.23/

Нийслэлийн  Боловсролын газрын  сургалт, аргазүйн хэлтсийн  дарга Ц.Жаргалантуул: Бүртгүүлж  амжаагүй  нэгдүгээр  ангийхныг  намар   бүртгэнэ 

Нийт  23877  хүүхэд   бүртгүүлэхээс  урьдчилсан   мэдээгээр 17425 бүртгүүлж, бүртгэл 73 хувьтай  дууссан. Дүүргүүдээс  хамгийн  өндөр  буюу  Хан-Уул дүүрэгт  2031 хүүхэд  бүртгүүлэхээс 1922, Багахангайд  85 хүүхэд  бүртгүүлэхээс 77, Чингэлтэй  дүүрэгт 2387 хүүхэд  бүртгүүлэхээс  2051 нь  бүртгүүлээд  байна. Сүхбаатар  дүүргийн  мэдээ  дутуу   ирсэн. Бүртгэл  барагцаагаар  85  хувьтай   дууссан. Албан  ёсны  бүртгэл  дууссан  учир  үлдсэн  хүүхдүүдийг  намар  дахин  бүртгэнэ. Учир  нь одоо  анги  дэвших  болон  төгсөх  шалгалт  эхэлсэн.  Дүүргүүдэд ирэх   хичээлийн  жилд   нэгдүгээр   ангийн   801 бүлэг  хичээллэнэ. Үүнээс  578 бүлгийн хүүхдийг  бүртгэсэн  байна. /Өнөөдөр сонин 2014.05.27 /

Нийслэлийн 52  дугаар  сургуулийн  захирал Б.Балган: Жил  бүр  нэг  сурагчийг  Куб руу  явуулж  сургадаг 

Манай сургууль  1972 онд  920 хүүхдийн  багтаамжтайгаар анх  ашиглалтанд орж  байсан. Нийслэлийн  52 дугаар  сургууль  1973 онд  Кубын  яруу  найрагч , хувьсгалч  Хосе  мартын  нэрэмжит  болсон  нь  Монголын  Кубын  найрамдлыг   бэлгэдсэн. Куба  улстай  нэлээд  холбоотой байсан. Тухайн  улсын  ёс  заншил,  яруу найраг  , бүжиг дуу  хөгжмийн  талаар хүүхдүүд  маань чамгүй  мэдлэгтэй  болдог. Сүүлийн  үед  Куба  хямралтай  байгаа  болохоор  тусламж  дэмжлэг  үзүүлээгүй  байна. Гэхдээ  жил  нэг  хүүхдийг  тухайн  улсын  засгийн газар  тэтгэлгээр   анагаахын   чиглэлээр   сургадаг. Өнгөрсөн  жил бид  явуулж  чадаагүй. Энэ  жил нэг  хүүхдийг  явуулж анагаахын   сургуулийн  эмчилгээний   ангид  сургахаар   төлөвлөөд байгаа.    /Өдрийн  шуудан 2014.05.21/

 

Монгол –Германы  технологийн  их сургууль Ч.Алтаннар: Бид  олон  улсын  стандартыг   Монголд   нэвтрүүлнэ

2011  онд   Германы   Канцеллор   Ангела Меркелийг   Монголд  айлчлах   үеэр Монгол  улсын ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  Германчуудын  дэмжлэгээр   хамтарсан  сургууль  барих  санаачилга  гаргасан. Үүнийг  канцеллор дэмжсэнээр  Монгол –Германы  ашигт  малтмал  технологийн  их  сургууль  маань  байгуулагдах  болсон. Бидний  зорилго  бол  дэлхийн  хэмжээний сайн  сургуулиудыг  магадлан  итгэмжлэгддэг  байгууллагын  шалгуурыг хангах .Энэ  бол  бидний  бус  хамтран  ажилладаг түнш  сургуулиудын  хамтын  зорилго. Манайх  Германы  нэр  хүндтэй  их  дээд  сургуулиудын  консорциумтай  түншлэл  тогтоон  хамтран  ажиллаж   байгаа. Бакалаврын   бүх  хичээл  англи  хэл  дээр  харин  бэлтгэл ангийн  хичээлүүд  холимог  байдлаар  орж байгаа. Уул  уурхайн  боловсруулалтын   инженер , механик  инженер ,  байгаль  орчны  инженер  гэсэн   мэргэжлээр  элсэлт  авна.   Манай  оюутнуудын хувьд  Германд   үйлдвэрлэлийн  дадълага  хийх  боломжтой. Амжилттай  суралцах  оюутнууд   МГТИС-д  үнэ  төлбөргүй   суралцана. /Өдрийн  сонин 2014.05.26/

МУИС-ын 4 курсын оюутан Г.Чойжамц: Оюутнууд  бидний  түрүүвч  нимгэрсээр  тэдний  төсөв зузаарсаар  

Манай  сургууль  2008 оноос  эхлэн  сургалтын   хөтөлбөрөө  өөрчилж  эхэлсэн. Өөрөөр  хэлбэл КС  буюу  кредитийн  системд   шилжсэн. Тухайн  үед  элсч  орсон  оюутнууд  хуучин  тогтолцоогоор  сурч  байсан. Хэдэн  ч хичээл үзсэн  тухайн  үед   тогтоосон  сургалтын  төлбөрөө л зөвхөн   төлдөг  байсан  юм. Харин  одоо  сонгосон  мэргэжлээсээ  шалтгаалан  кредитийн  төлбөр  нь  харилцан  адилгүй   болсон. Өнгөрсөн  жилийн  нэгдүгээр  дамжаанд  орсон  оюутнуудын   нэг  хичээлийн  кредит   нь  ойролцоогор  55 мянга н  төгрөг ба  нэг  жил  үзэх  ёстой  нийт  хичээлийг  кредитийг  бодоход  1сая 800 мянга  орчим  төгрөг  төлж  байна. Бүтцийн  шинэчлэлт  гэдэг   далимаар  өнгөрсөн   жил  магадлан  итгэмжлэгдсэн   олон  улсын  хөтөлбөр  нь   татан  буугдсан.  Кредитийн   зөрүү   нэрээр   оюутнуудаас доод  тал  нь   300 мянган   төгрөг төлөх  болж  байна. МУИС-ийн сурдаг  нийт  оюутнаар  бодоход  нэг  тэрбум  төгрөг  болж  байна. Хэрвээ өгч  чадахгүй  бол  төгсгөхгүй   гэсэн  шаардлагыг  сургуулийн  захиргаанаас  тавьсан. /Монголын үнэн 2014.05.22/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3616
0 эможи
keyboard_arrow_up