Нийслэлийн шинэ бүтээн байгуулалтад Австрийн технологийг нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Австрийн Бээжин дэх Элчин сайд хатагтай Ирене Гинер Райхл болон тус улсын бизнес төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга Элчин сайдад болон хотын хөгжилд хамтран ажиллах төсөл, саналаа ирүүлсэн компанийн төлөөллүүдэд талархал илэрхийлээд, УИХ-аар баталсан “Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн үзэл баримтлал”–ыг товч танилцууллаа. Энэхүү үзэл баримтлалын дагуу Улаанбаатар хотын инженерийн байгууламжид холбогдоогүй 190 000 айл өрхийг орон сууцжуулах, Хурдны зам, гол болон туслах замын барилга шинэчлэлийн ажил, Метро, тусгай замын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлэх, Эрчим хүч, дулаан хангамжийн шинэ эх үүсвэрүүд гаргаж авах, Цэвэрлэх байгууламж барих, Хог хаягдал боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудын хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм. Элчин сайд хатагтай Ирене Гинер Райхл “Хотын Захирагчийн танилцуулгаас харахад хөгжлийн өргөн цар хүрээтэй, олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Дэд бүтцийн чиглэлээр Австри улсын компаниуд дэлхийд тэргүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс бид бүтээн байгуулалтын ажилд хамтрахаас гадна санхүүгийн байгууллагуудтай ярилцаж, Улаанбаатар хотын хөгжлийн бүтээн байгуулалтад санхүү босгох ажлыг давхар хийнэ гээд Австри улс Европын сэргээн босголтын банкны томоохон хөрөнгө оруулагч юм гэдгийг дурьдлаа. Уулзалтад Австрийн талаас оролцсон банк санхүү, эрүүл мэнд, барилгын менежмент, үйлдвэрлэлийн сургалт, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, дамжуулах хоолой, угсармал бетон хийц, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр ажилладаг 10 компанийн төлөөлөл үйл ажиллагааныхаа товч танилцуулгыг хийж, нийслэлийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах боломж олгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн шинэ бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Австрийн технологийг нэвтрүүлж, хамтран ажиллах саналаа ирүүлсэн та бүхэнд баярлалаа. Цаашид гэр хорооллыг инженерийн байгууламжид холбох, орон сууц, хотын дэд төвүүд, хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч гаргах, ХАА-н олон төсөлд зураг төслөөс нь эхлээд бүх шатанд нь хамтран ажиллах хүсэлтэй байна. Тиймээс энд оролцож байгаа банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юуны өмнө Зураг төслийн ажлыг санхүүжүүлэхийг хүсэж байна. Ажлыг гараанаас нь хамтарч эхэлье” гэлээ. Тус уулзалт нь Хотын даргын Вена хотод хийх айлчлалын өмнө болж байгаагаараа чухал ач холбогдолтой боллоо.