Ш.Төмөрбаатар: 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхлээгүй
-НИТХ-аас баталсан 52 байршид газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх вэ?
-НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрыг байршил хэмжээг тогтоож 15,3 мянган га газрыг ойролцоогоор 160 мянган иргэнд өмчлүүлхээр шийдвэрлэсэн. Гэхдээ шинээр өмчлүүлэх газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, дэд бүтэц, ногоон байгууламж барих газраа хасаад үлдсэн газрыг өмчлүүлнэ гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс эдгээр газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буюу загвар төлөвлөлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан. Мэдээллийн технологийн газраас цахимаар өмчлөл явуулах программыг боловсруулж бэлэн болгосон. Одоо бид цахимаар газар өмчлүүлэх журам болвсруулж НИТХ-д өргөн бариад байна. Газрыг цахим хэлбэрээр өмчлүүлэх журам бол нийтээр дагаж мөрдөх ёстой журам учраас НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батлах учиртай юм. Ирэх сард НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах төлөвлөгөөтэй байгаа гэж НИТХ-ын хурлын ажлын албанаас бидэнд мэдэгдсэн.
-Газар өмчлүүлэх иргэдийг цахимаар бүртгээд эхэлчихсэн гээд байх юм?
-Цахим бүртгэл эхлээгүй байгаа. Цахимаар газар өмчлүүлэх программыг боловсруулж нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар танилцуулахдаа туршилтаар ажиллуулж үзсэн. Зарим иргэд тэрхүү программ руу нэвтэрч хүсэлтээ өгсөн байсан. Гэхдээ энэ бол хүчингүй гэдгийг бүртгүүлсэн иргэдэд мэдэгдсэн байгаа. Туршилтын программд бүртгүүлсэн бүх иргэдийн мэдээллийг устгасан. Газрыг цахим хэлбэрээр өмчлүүлэх журмын төсөлд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахаас 15 хоногийн өмнө өмчлүүлэх газрын байршил хэмжээг хамгийн олон уншигч захиалагчтай өдөрт тутмын сонин, телевиз, сайтуудаар нээлттэй мэдээлэхээр тусгаж өгсөн. Тиймээс НИТХ-аас журмыг хэлэлцэн баталсны дараа иргэдэд маш дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгөх болно.