Гадны улс орнууд тамхины татварыг хоёр жил тутамд тогтмол нэмдэг
“Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд боллоо. Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн юм.
Тэрбээр, “УИХ-аас 2012 оны 11 дүгээр сард баталсан Тамхины хяналтын тухай хууль өнөөдрийг хүртэл шүүмжлэл, талархал дагуулсаар байна. Гэхдээ талархал нь шүүмжлэлээс хавьгүй олон байгаа. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдрийг 20 жилийн турш тэмдэглэсээр ирлээ. Энэ жил дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийг “Татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” гэсэн уриатайгаар тэмдэглэж байгаа. Бид ч мөн энэ боломжийн талаар шийдвэр гаргах түвшний хүмүүст энэ тухай дуулгахаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Бусад улс орнууд тамхины татварыг хоёр жил тутамд тогтмол нэмдэг. Харин манай орны хувьд тамхины үнэ хамгийн хямд байдаг улсын тоонд орно. Татварыг нэмэх замаар тамхины хэрэглээг бууруулах нь хамгийн үр дүнтэй аргад тооцогддог байна. ДЭМБ-аас тамхины жижиглэн худалдааны татварыг 70 хувьд хүргэх зөвлөмж өгдөг. Ингэж эдийн засгийн аргаар тамхитай тэмцсэнээр олон хүний амь насыг аврах боломжтой болох юм” гэж хэлсэн.
Түүний дараа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг тамхин бүтээгдэхүүний татвар, Монгол Улсад тамхины хэрэглээ ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ.
2013 онд хийгдсэн Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг нь тогтоогджээ. 2013 онд явуулсан Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар сурагчдын 22 хувь нь тамхи татаж үзсэн, тэдний 61.4 хувь нь 14 насанд хүрэхээс өмнө тамхи татсан болох нь тодорхой болжээ. Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдсэн байна.
Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол тамхины татварыг нэмэгдүүлэх гэж тэрбээр мөн хэлсэн. Үүнийг олон улс батлаад байгаа бөгөөд тамхины үнэ өсөхөөр үнийн хэлбэлзэлд мэдрэг байдаг хүүхэд, залуучуудын тамхины хэрэглээ эрс буурах боломжтой байдаг аж. Тамхины өндөр үнэ нь тамхинаас гарахад дэмжлэг болж, тамхинд орох явдлыг эрс бууруулдаг аж. Хайрцаг тамхины үнийг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ нь өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад 8 хувиар буурдаг байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг тамхины татварыг нэмэгдүүлснээр татварын орлогоо нэмэгдүүлэн, тамхины хэрэглээг ч бууруулж чадсан улс орнуудын жишээг мөн ярьсан юм.
Хэлэлцүүлгийн арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, хүүхэд залуусын дунд тамхи татах явдал ихэд нэмэгдсэн нь төр, засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авах дохио болоод байна хэмээн онцолсон юм. Тэрбээр, цус харвалт сүүлийн үед залуужиж байгаа нь тамхи таталтын үр нөлөө гээд дэлхий даяар тамхины эсрэг авч хэрэгжүүлдэг татварыг нэмэгдүүлэх арга замыг сонгох нь хамгийн зөв арга хэмээсэн.
Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломжийн талаар хэлэлцүүлэгт оролцогсод санал бодлоо солилцон өргөн хүрээнд ярилцлаа