“ICT-EXPO-2014” уламжлалт үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор болж байна
Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPO-2014” уламжлалт үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор энэ сарын 22-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн “Мишээл экспо” төвд болж байгаа арга хэмжээний талаар танд хүргэж байна.
Найм дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэж танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна. Цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах юм байна. Олон нийт энэхүү үзэсгэлэнд ирснээр мэдээллийн технологийн салбарын сүүлийн үеийн хөгжлийн хандлага, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон шинэ технологитой танилцах боломжтой.
Үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачилга, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг уламжлал ёсоор олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна. Харин үзэсгэлэнгийн шилдэг оролцогч, санаачилгатай оролцогч, өвөрмөц оролцогчийг зохион байгуулах хорооноос шалгаруулах ажээ.
Энэхүү үйл ажиллагаа нь манай улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 93 жил, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог аж. Ойн үйл ажиллагааны хүрээнд “Хиймэл дагуул-бидний гараар” сэдэвт Кансат сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээх үндэсний хоёрдугаар уралдаан, “Радио Монгол” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Мөн Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага /APT/-тай хамтран “Кибер аюулгүй байдлын V форум”-ыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөжээ. Тус форумд Ази номхон далайн 21 орны төлөөлөгч оролцон, туршлага солилцохын зэрэгцээ бүс нутгийн мэдээллийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар нэгдсэн ойлголтод хүрэх юм байна.