ХУД-ийн аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн үндэсний бөхийн барилдаан болов
Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдийн “Үндэсний бөхийн барилдаан”-ыг 189-р цэцэрлэгээс санаачлан дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн спорт хороотой хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү барилдаан 2014 оны 05-р сарын 16-ны өдөр дүүргийн “Спортын ордонд” 19 цэцэрлэгийн 48 хүчтэн зодоглож хурд, хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдав. Тус барилдаанд ХУД-ийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Азжаргал, Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Оюунцэцэг болон цэцэрлэгүүдийн эрхлэгчид уригдан ирж үзэж сонирхолоо. Барилдааныг дүүргийн спорт хорооноос томилогдон шүүгчид болох арга зүйч Н.Дэлгэрдалай, Б.Угтахбаяр нар шүүн явуулав. Цэцэрлэгийн хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг бөхчилж буюу хасагдах системээр явуулж бөх сондгойрсон тул сүүлийн 6 бөхийг тойргоор барилдуулж дүнгээ гаргав. Үүнд түрүү бөхөөр 65-р цэцэрлэгийн Даваажаргал, үзүүрийн бөхөөр 71-р цэцэрлэгийн Мөнхбаатар, шөгийн 4-т 65-р цэцэрлэгийн Тулгаа, 71-р цэцэрлэгийн Нямдорж нар шалгарав.