ОУ-ын цөмийн хамгаалалтыг бэхжүүлэх хөтөлбөрт манай улс хамрагдана
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна манай улсад айлчиллаа. Тэрээр ОУАЭА-ийн төслийн шугамаар нийлүүлсэн тоног төхөөрөмж ашиглаж буй МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цөмийн онош зүйн тасаг, Хавдар судлалын үндэсний төв, ХААИС-ийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториор зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Мөн энэ үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын үндэсний агентлаг нь дэлхий дахинаа цөмийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор анагаах ухааны салбарт ашиглаж буй Кобальт-60 үүсгүүрийг шугаман хурдасгуураар солих хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар Хавдар судлалын үндэсний төвд 2005 оноос хойш тасралтгүй ашиглаж буй Кобальт-60 үүсгүүрийг дэвшилтэт шинэ технологиор солих боломж бүрдэх юм хэмээн онцлов.