"Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт – Насан туршийн боловсрол" семинар болж байна
Шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдарч байгаа иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн албан сургалтаар эзэмших бололцоо багасч, иргэд хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшдэг байх зайлшгүй шаардлага тавигдаж байна. Энэ шаардлагыг насан туршийн боловсрол хангах бөгөөд хэн ч, хэзээ ч, хаана ч хэрэгцээт мэдлэг, боловсролоо олж авах боломжийг насан туршийн боловсролын тогтолцоо олгож байна. Насан туршийн боловсрол нь бичиг үсгийн болон гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, урлаг гоо зүйн боловсрол, амьдрах ухааны боловсрол зэргийг хамарсан өргөн агуулгатай бөгөөд тэргүүлэх чиглэл нь тухайн улс орны онцлог, хэрэгцээнээс хамаарч байна.Манай улсын хувьд анх 1995 оны Боловсролын тухай хуулинд Монгол улсын боловсролын тогтолцоо нь албан болон албан бус дэд тогтолцооны нэгдэл байна гэж зааж өгснөөр насан туршийн боловсролын үндэс суурь тавигдсан байдаг байна.
Улсын хэмжээнд 369 албан бус насан туршийн боловсролын төв үйл ажиллагаагаа явуулж байгаагын 17 нь бие даасан 16 нь сумын ЗДТГ, 335 нь ЕБС, МСҮТ-д түшиглэн ажиллаж байгаа юм байна.
Эдгээр төвүүдийн төлөөллийг оролцуулсан "Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт - Насан туршийн боловсрол" семинарыг БШУЯ болон Насан туршийн боловсролын үндэсний төвөөс зохион байгуулж, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө.
Уг семинарт оролцогчид Албан бус боловсролоос насан туршийн боловсролруу шилжин үйл ажиллагаа нь өргөжиж байгаа өнөөгийн нөхцөлд энэ төвөөр дамжуулан залуус, насанд хүрэгчдэд олгох амьдрах ухааны боловсрол, мэдлэг боловсрол, ур чадварын чанарыг сайжруулах, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.