Замчдад ажлын хөлсийг нь өгөхгүй бол барьсан замаа хаана

2016 оны 5 сарын 13

Нийслэл хотод авто замын бүтээн байгуулалт хийсэн 56 компани гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байгаа асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Энэ сарын 25-ны дотор үлдэгдэл санхүүжилт олгохгүй бол өөрсдийн барьсан авто замаа хаана, үүнээс үүдэх хариуцлагыг бид хүлээхгүй” гэж мэдэгдлээ.

Нийслэлийн баруун хэсэгт шинээр бүтээн босгож буй Авто худалдааны цогцолборт авто замын ажил хийсэн компаниуд 14.8 тэрбум, “Гудамж” төслийн хүрээнд авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн зарим компани 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээ өнөөдрийг хүртэл авч чадаагүй гэлээ. Үүнээс шалтгаалан замчдын ар гэрийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учирч, зээлийн алдангид орж, дахин ажил гүйцэтгэх боломжгүй болж байгааг учирлав.

Хэвлэлийн хурлын үеэр авто замын команиуд болон ҮЭ-ийн байгууллагын төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-Авто замын компаниудаар ажил гүйцэтгүүлж, хийсэн ажлыг нь Улсын комисс хүлээж аваад удаж байхад санхүүжилт олгохгүй байна гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Хийсэн компанид нь санхүүжилт өгөөгүй байж улстөрчид “Бид олон мянган км зам барилаа” гэж сурталчлах нь ёс зүйгүй.

Санхүүжилтээ авч чадаагүй олон компанийн ажилчид ажлын байргүй болж, нийгмийн даатгал нь тасарч хүнд байдалд орлоо. Үүнийг яаралтай шийдвэрлэхийг төр засгаас шаардаж байна.

Авто замчдын ҮЭХ-ны дарга Б.Цэрэнпүрэв:

-Хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадаагүй компаниудын ард гэр бүлийнх нь 4000 гаруй иргэний амьдрал хүндэрч байна. Бид замчдынхаа эрх ашгийг хамгаалж, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гудамж төсөлд шаардлага хүргүүллээ. Энэ сарын 25-ны дотор асуудлыг шийдвэрлэхгүй бол замчид маань барьсан замаа хааж, эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр аргагүйд хүрч байна. Энэ бол ажлаа цаг хугацаанд нь хийсэн замчдын буруу биш. Тиймээс зам хаахаас үүдэн гарах аливаа хариуцлагыг төр хүлээх ёстой.

Нийслэлийн Засаг дарга, Санхүү хариуцсан орлогч дарга нар хэвлэл мэдээллээр “Замын компаниудынхаа санхүүжилтийг удахгүй өгнө” гэж удаа дараа ярьсан. Бид өгөх гэж байгаа юм байна гэж итгэж хүлээсэн. Гэвч ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс тэмцэхээс өөр арга алга.

Замчдаар ажил хийлгэхдээ богино хугацаанд чанартай хий, гадаадын том зочин төлөөлөгч ирэх гэж байна гэх зэргээр өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллуулсан. Тэгээд дараа нь мөнгийг нь өгөхгүй бүтэн хоёр жил залхааж болохгүй.

“Паблик роуд” ХХК-ийн захирал Б.Наранбат:

-Манай компани “Гудамж” төслийн захиалгаар 2014 онд Зуун айлын уулзварыг өргөтгөн шинэчилсэн. Ажлын явцад НАЗГ-ын захиалгын нэмэлт тохижилтын ажил хийх шаардлага гарсан. Бүх талаасаа гэрээ контракт байгуулаад үнэ хөлсөө тохироод нэмэлт ажлаа хийсэн. Гэтэл одоо болтол санхүүжилт олгохгүй байна. Эх үүсвэр нь хаанаас гарах нь тодорхойгүй болчихсон.

Үүнээс шалтгаалаад бид татвараа төлж чадахгүй өрөнд орж байна. Өртэй компани дараа дараагийн ажил гүйцэтгэх боломжгүй болдог. Тэгэхээр зөвхөн нэг ажлын санхүүжилтээ авч чадахгүйгээр барахгүй энэ компаниуд том эрсдэлд орж дампуурахад хүрч байна гэв.

Энэ талаар “Гудамж” төслийнхөн:

-Манай захиалгаар замын ажил гүйцэтгэсэн компаниудын зарим нь 100 хувь, зарим нь 85 хувийн санхүүжилт авчихсан байгаа. Огт санхүүжилт аваагүй компани байхгүй. Үлдэгдэлтэй компани бий. Гэхдээ бид санхүүжилтийг бие даан шийдэх эрхгүй. Хөгжлийн банк, Сангийн яам мэддэг. Бидний хувьд ажил гүйцэтгэсэн компаниудынхаа санхүүжилтийг олгуулах талаар бас л хөөцөлдөж байгаа. Өөрсдөөс шалтгаалах бүх баримт бичиг материалыг бүрдүүлж өгсөн” гэсэн тайлбарыг өглөө.

Энэ бүхэн Засгийн газраа огцруулж, бондын санхүүжилтийг улсын төсөвтэй нийлүүлж, зохих журмын дагуу хэвийн явж байсан ажлыг аль яам, агентлаг хэрхэн хариуцах нь тодорхойгүй болгосноос үүдэлтэй ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33197
0 эможи
keyboard_arrow_up