Мэдээлэл Харилцаа Холбооны салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн Юу Хэлэв?
Мэдээлэл Харилцаа холбооны салбарт болж өнгөрсөн үйл явдлууд болон хэн юу хэлсэн тухай танд хүргэж байна.
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцлээ
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим баримтлах болсон, шинжлэх ухаан технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Шинэчилсэн найруулга нь 9 зүйл, 61 хэсэг, 22 заалттай байхаар боловсруулжээ. Мөн энэ салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан байна. Шинжлэх ухаан технологийн кластер, парк, хотхон байгуулах, технологийн бирж, нэгдсэн мэдээллийн сан, лабораторийн орчныг өнөөгийн шаардлагыг хангах, салбарын хэтийн төлөв, олон улсын чиг хандагад нийцсэн байхаар төлөвлөжээ.
“ICT-EXPO-2014” мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлно
Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPO-2014” уламжлалт үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор энэ сарын 22-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж байна. Найм дахь жилдээ зохиогдож буй уг үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэнэ. Цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах юм байна. Үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачилга, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг уламжлал ёсоор олон нийтийн санал асуулгаар тодруулна. Харин үзэсгэлэнгийн шилдэг оролцогч, санаачилгатай оролцогч, өвөрмөц оролцогчийг зохион байгуулах хорооноос шалгаруулах тухай зохион байгуулагчид мэдээлэл хийжээ.
“Кибер аюулгүй байдлын V форум” энэ сард болно.
Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага /APT/-тай хамтран “Кибер аюулгүй байдлын V форум”-ыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөжээ. Тус форумд Ази номхон далайн 21 орны төлөөлөгч оролцон, туршлага солилцохын зэрэгцээ бүс нутгийн мэдээллийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар нэгдсэн ойлголтод хүрэх юм байна.
Мэдээллийн технологийн инкубатор нэмэлт элсэлт зарлаж байна
Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт элсэхийг сонирхож буй мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч компани, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2014 оны 5-р сарын 30, 6-р сарын 6-нд 2 удаа 10:00 цагаас МТҮП-ын “IT Coworking Space” танхимд (301 тоот) зохион байгуулна.
Элсэлтийн материал хүлээн авах: 2014 оны 6-р сарын 16-наас 20-ны Баасан гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:00-17:00) хүлээн авна.
Сонгон шалгаруулалт: 2014 оны 6-р сарын 23-ны Мягмар гарагт МТҮП-ын 301 тоот танхимд болно.
Мэдээлэл зүйн улсын олимпиадыг Скайтел компани ивээн тэтгэлээ
Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд зохион байгуулагддаг уламжлалт Мэдээлэл зүйн улсын XXVIII олимпиадыг ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургууль амжилттай зохион байгууллаа. Энэ олимпиадыг мэдээлэл харилцаа холбоо технологийн тэргүүлэгч компани “Скайтел групп”, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК–иуд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулжээ. Мэдээлэл зүйн улсын XXVIII олимпиадад монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан 37 багш, 34 сурагч 600 онооны зургаан бодлогыг хоёр өдөр бодож уралдсан бөгөөд мөн өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөн юм. Энэхүү уралдаанд шалгарсан багш сурагчид Тайвань улсад болох Олон улсын мэдээлэл зүйн олимпиад оролцох юм байна.
Кабелийн сувгийн зөвшөөрөл олгохгүй
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийг түр хоригложээ. Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 17 телевиз, кабелийн 84 суваг, орон нутагт 81 телевиз, 12 кабелийн суваг байна. Эдгээрийн 30 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй гэнэ. Өргөн нэвтрүүлгийн сувгууд хэт олноор байгуулагдсанаар зар сурталчилгааны орлого нь чанартай бүтээл хийхэд хүрэлцэхгүй, салбарын хөгжилд саад болж байна гэж албаныхан үзжээ. Олон нийтийн зүгээс ч олноор байгуулагдсан кабелийн сувгийг шүүмжилсэн санал, гомдол ирүүлэх болжээ. Тиймээс өргөн нэвтрүүлгийн хууль эрхзүйн орчин, бодлогын баримтлах чиглэлийг боловсронгуй болгохын тулд тусгай зөвшөөрлийг хязгаарлажээ.
Д.БАДАРЧ /ЮНЕСКО-гийн ОХУ-д суугаа байнгын төлөөлөгч, Москва дахь Бүсийн товчооны дарга, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор / Өнөөдөр мэдээллийн технологийн хөгжил асар хурдтай явагдаж байна. Ажлаасаа нэг минут хоцорлоо гэхэд тэр хооронд 204 сая и-мэйл явуулж, Википедиад зургаан өгүүлэл, 1300 гар утас хэрэглэгч нэмэгдэж байна.
Сүүлийн зургаан жил би Москва хотноо байдаг ЮНЕСКО-гийн Боловсролын салбарт мэдээллийн техно логи нэвтрүүлэх асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирлын ажлыг давхар хариуцаж байна. Олон улсын байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа олон орны эрдэмтэд мэргэдтэй тааралдаж, шинэ зүйл ихийг сурч, ажлын туршлага хуримтлуулж байгаа. Энэ хүрээлэнгийн шугамаар нутаг таа хэд хэдэн томоохон хурал зохион байгуулж, дэлхийн хэмжээний экспертүүдийг урьж оролцуулсан. Ер нь ЮНЕСКО-гоос боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр БШУЯ, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр тухайлбал, сургалтын нээлттэй нөөц материал эх хэлнээ боловсруулах, багшийн мэдээллийн технологийн мэдлэгийн чадамжийг боловсруулах зэрэг төсөл хэрэгжүүлж, дээд боловсролын чиглэлээр семинар зөвлөлгөөнд уригдан оролцож, санал бодлоо нэмэрлэж явна. Цаашдаа мэддэг чаддаг, үзэж харс наа харамгүй хуваалцаж, улс орондоо хэрэг болох зарим нэг зүйлийг хэрэгжүүлнэ гэсэн бодол бий.
ITZone компани Кампус системээр үйл ажиллагаагаа явуулдаг боллоо
Мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани Кампус системээр үйл ажиллагаагаа явуулах болсноо өөрийн харилцагч байгууллагууддаа танилцуулан, хамтарсан тойрон аялал хийж, салбар төвүүдийнхээ үйл ажиллагаа, онцлогийг танилцууллаа. Ай Ти Зон Кампус нь Текник туслалцаа үйлчилгээний төв, Software house, Enterprise Solutions Center, Агуулах болон Сургалтын төв гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.