Нэг сувилагчид 10 гаруй хүн оногддог

2016 оны 5 сарын 12

Монголын эрүүл мэндийн салбарт дунджаар 10100 орчим сувилагч ажилладаг байна. Өнөөдөр /V.12/ эдгээр сувилагч мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 1000 сувилагч “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” уриан дор Соёлын төв өргөөнд чуулж байна.

Хөдөлмөрийн Эрүүл мэнд судлалын төвөөс хийсэн судалгаагаар сувилагчдын 80 орчим хувь нь ажлаа хийж байх явцдаа ямар нэгэн өвчнөөр өвддөг гэсэн дүн гарчээ. Энэ удаагийн чуулганд оролцогчид хүний эрүүл мэндийн төлөө зүтгэдэг мөртлөө өөрсдөө эрүүл мэндээрээ хохирч байгааг онцолж байв.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүн Д.Мягмар “Сувилагч хүн ажиллах явцдаа сүрьеэ, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвдөх магадлал их гардаг. Ажлын ачаалал ихтэй, ажиллах нөхцөл хүнд зэрэг олон тулгамдаж байгаа асуудал бий. Мөн сувилагчийн ажлын үндсэн цалин нь 350-520 мянган төгрөг байна. Тиймээс сувилагч нарын ажиллах нөхцлийг бодолцож, цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.

Мөн сувилагч нар тухайн эмнэлэгт сувилахуйн тусламж үйлчилгээгээ үзүүлж чадахгүй, эмчилгээний заалтуудыг хэрэгжүүлэх төдий ажлуудыг хийж байгаа учраас мэргэжлээрээ өсөж дэвжихэд хүндрэлтэй байгаа тухайгаа ярьсан юм.

Дэлхийн олон улсын сувилагчдын баярын өдрийг манай оронд 1995 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. Энэхүү чуулганыг Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг, Монголын эмнэлэгнийн ажилтны үйлдвэрчний эвлэлтэй хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан тэмдгээр таван сувилагч, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр хоёр сувилагчийг тус тус шагналаа.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны сувилагч Н.Ууганчимэг “Би сувилагч мэргэжлээр улсад 19 дэх жилдээ ажиллаж байна. Баярын энэ өдрөөр “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулсанд талархъя. Мэргэжил нэгт сувилагч нартаа баярын мэндийг хүргье. Манай аймгийн хувьд улсын хэмжээнд 27 сумтай. Нэгдсэн эмнэлэгийн сувилагчийн орон тоо дутагдалтай байгаа. Үүнээс үүдэн ажлын ачаалал ч их байдаг” тухайгаа хэлэв.

Монгол улсад нэг сувилагчид оногдох үйлчлүүлэгчийн тоо их байдаг. Олон улсад эмнэлэгийн сувилагч 4-5 хүнд үйлчилж байхад манай оронд 10-аас дээш өвчтөнд үйлчилж, сувилдаг талаар мэргэжилтнүүд дурдаж байлаа.

Сувилагч мэргэжилтний дунд хагалгааны сувилагч зайлшгүй мэргэшсэн байх шаардлагатай байдаг байна. Хэрэв энэ чиглэлээр мэргэшсэн сувилагчийн ажлын орон тоо алдагдвал нөхөхөд их хугацаа шаарддаг гэнэ.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд сувилагч Д.Нямсүрэн “Энэ байгууллагад 26 жил сувилагчаар ажиллаж байна. Би мэргэжлээрээ их бахархдаг. Хүний эрүүл мэндийн төлөө зүтгэдэг буянтай мэргэжил юм. Мөн ажлын маань цалин хөлс, нийгмийн халамж үйлчилгээ бага байдаг. Би олон жил ажилласан учраас 550 мянган төгрөгийн цалин авдаг. Сувилагч мэргэжлээр улсын болон хувийн сургуулийг олон оюутан төгсч байгаа хэдий ч ажлын байран дээр ажиллах нь цөөн байна” хэмээн ярилаа.

Сувилагч мэргэжлээр эмэгтэй хүмүүс ихэвчлэн ажилладаг учраас өвчин тусах, жирэмсэн болох зэрэг шалтгаанаар эрүүл мэндийн салбарын эмнэлэгүүдийн алинд нь ч сувилагч мэргэжил дутагдалтай байдаг ажээ.

Хавдар судлалын үндэсний төвийн сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэн “Манай оронд 1993 оноос эхлэн анх удаа сувилахуйн бакалавр мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн. Эмч нь дээд боловсролтой, сувилагч нь дунд түвшний боловсролтой байх ёстой гэсэн ялгаа байх болсон. Сувилагч мэргэжилтнүүд маань Сувилахуйн сургуульд дөрвөн жил суралцаж диплом авсан байдаг, Тэгээд дахин хоёр жил суралцан бакалавр зэрэгтэй болж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33156
0 эможи
keyboard_arrow_up