Цагдаа нар улаанбуудайн дээж авч явсан асуудлаар тайлбар хийлээ

ХХААЯ-ны оруулж ирсэн импортоор үрийн улаанбуудайтай холбоотой элдэв асуудал гарсаар байна. МХЕГ-аас энэ асуудлыг улстөржүүлэхээс гадна эл асуудалд цагдаагийн байгууллагыг оролцуулан нийгэмд болон тариаланчдад буруу ташаа мэдээлэл гаргаад байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МХЕГ-аас улаанбуудайтай холбоотой сонин мэдээллүүд хийгээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан албан ёсоор тайлбар хийе. Тодруулбал, зарим нэгэн улстөрчид албан тушаалтнуудаас ХХААЯ-ны захиалгаар ОХУ-аас оруулж ирсэн улаанбуудайн тараалттай холбоотой цагдаагийн байгууллагаас хориглосон үйл ажиллагааг нь зогсоосон гэх мэт ташаа мэдээллийг олон нийтэд гаргаад байна. ХХААЯ-ны захиалгаар ОХУ-аас оруулж ирсэн үрийн улаанбуудайнаас Сэлэнгэ аймгийн, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газруудаас дээж авч шинжилгээ хийсэн. Энэ хоёр шинжилгээний хариу дүгнэлт зөрүүтэй гарсан.
Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Энэ буудайг ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан бол Дархан-Уул аймгийн МХГ-аас хоёдугаар зэрэглэлийн үрийн улаанбуудай байна гэсэн. Хүн ардын хүнсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзсэн учир мөн зөрүүтэй мэдээллийг шалгаж үзэх үүднээс Эрүүгийн хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага улаанбуудайнаас дээж авах ажлыг зохион байгуулсан.
Дээж авахдаа Тариалан эрхлэлтийг дэмжих холбоо, МХГ, гаалийн улсын байцаагч хөндлөнгийн гэрчийг байлцуулан дээж авсан. Дээжээ холбогдох шинжилгээнд хүргүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага төрийн байгууллага аж ахуйн нэгжээс хураасан, битүүмжилсэн, үйл ажиллагааг нь зогсоосон, үрийн буудайг хүргүүлэхэд саад учруулсан ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид тодорхой албан тушаалтан, холбогдох хүмүүсээс худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг мэдэгдэж байна” гэлээ.









