”Railbus”нийтийн тээвэр иргэдэд 2000 төгрөгөөр үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар төлөвлөөд байна. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах зориулалт бүхий Railbus-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх саналыг хотын дарга 2013 онд гаргаж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж байсан юм. Энэхүү санал өнөөдөр ажил хэрэг болж, ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг нийслэлчүүд хүлээн аваад байна. РА-2 маягийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм.
"Railbus" туршилтын журмаар ирэх сарын 6-наас үйлчилгээнд гарна. Улмаар удахгүй үйлчилгээнд гарах гэж байгаатай холбоотой шинэ зогсоолууд ч товлогдоод байгаа. Тэгвэл тухайн "Railbus"-аар иргэд хэчнээн төгрөгөөр үйлчлүүлэхийг хараахан шийдээгүй, ярилцах түвшинд явж байсан ч 2000 төгрөг байхаар урьдчилсан тооцоо гараад байгаа аж. Гэхдээ оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нөхөн олговор өгвөл энэ дүнд өөрчлөлт орж болзошгүй юм байна.









