Машин тус бүрээс 600-2000 ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо
ЯПОНД СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАГВАРЫН АВТОМАШИНУУД 17-40 МЯНГАН
АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЙНА-
Монгол улс Япон улстай түншлэлийн гэрээ байгуулж, энэ сарын 8-ны өдөр ноот бичиг солилцсон. Уг гэрээ ирэх зургадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхлэх ба гэрээний дагуу талууд импортын барааны гаалийн татварыг бүрмөсөн чөлөөлөх болон үе шаттайгаар бууруулах юм.
Уг гэрээ хэрэгжиж эхэлснээр манай талд ямар эерэг үр дүн авч ирэх талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монгол улсаас Япон улсад нийлүүлдэг бараануудын гаалийн татварыг бууруулж байгаа. Тухайлбал, чацарганы төрлийн бүтээгдэхүүнийг Япон руу оруулахад 12 хувийн татвар авдаг байсан бол ирэх сараас гаалийн татвар төлөхгүй. Мөн арьс ширэн бүтээгдэхүүнээс авдаг 24 хувийн татварыг 50 хувь чөлөөлсөн гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг хөнгөлж, чөлөөлж байна. Ингэснээр манай улсын бүтээгдэхүүн Японы зах зээлд түрэн орох цаашлаад зах үнийн хувьд зах зээлд өрсөлдөхүйц болж байгаа юм.
Цаашлаад ирэх арван жилийн хугацаанд илүү олон бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөхөөр ажиллаж байна. Мөн манай улсын зүгээс Японоос орж ирэх шинэ болон шинэвтэр машины гаалийн татварыг тэглэхээр болсон” гэлээ.
Япон улсад үйлдвэрлэсэн автомашин манай улсын зах зээлд эрэлт ихтэй байдаг. Харин татварыг чөлөөлснөөр автомашины үнэ буурах ба утаа ихтэй хуучин автомашинууд зах зээлээс шахагдаж цаашлаад нийслэлийн агаарын бохирдол буурах гэх мэт давуу талууд бий болно гэж үзжээ.
Манай улсад орж ирж буй автомашинуудаас үнийн дүнгийн таван хувьтай тэнцэх гаалийн татвар авдаг. Харин ирэх сараас эхлэн Япон улсад үйлдвэрлэсэн шинэ болон 1-3 жил ашигласан автомашиныг Монгол улсад оруулж ирэхэд тухайн машинаас гаалийн татвар авахгүй бөгөөд зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон машины моторын хэмжээнээс шалтгаалж онцгой албан татвараа төлөх юм.
Японы “Тоёота” компанийн албан ёсны цахим хуудаст мэдээллэснээр, энэ оны хамгийн сүүлийн үеийн загварын автомашинууд 17-40 мянган ам.долларын үнэтэй байгаа ба машин тус бүрээс 650-2000 ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.
Жилийн хугацаанд импортолж байгаа мянган машинаас хоёр сая ам.долларыг хэрэглэгчид хэмнэх аж. Дэлхийн жишгээс харахад япон машин ихтэй бүс нутгуудад засварын газар, сэлбэгийн дэлгүүр, шатахуун түгээх станцууд олноор байгуулагддаг аж. Үүнтэй ижил манай улсад дэлхий нийтийг хамрах цахилгаан болон нарны зайн автомашины технологид шилжихэд дөхөм болно гэдгийг албаныхан хэлж байна.









