“Хүүхдийн ертөнц-2016” уралдаанд 81 бүтээл шалгарчээ

2016 оны 5 сарын 11

Монголын зураачдын эвлэл болон “Болор сан”-гаас санаачлан зохион байгуулсан “Хүүхдийн ертөнц-2016”  уран зургийн улсын уралдааны дүн гарчээ. Тус уралдааныг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчдын дунд хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн авъяаслаг уран бүтээлчийг тодруулах зорилгоор зарласан байна.

Энэхүү уралдааны бүтээлийг мэргэжлийн зураач, багш, урлаг судлаачаас бүрдсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй шүүж, гурван насны ангилал тус бүрт Гран при нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3, тусгай байрт 20 бүтээл буюу нийт шилдэг 81 бүтээл шалгаруулжээ. Тус бүтээлүүдээр ирэх сарын 01-нд Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаж, шагналыг гардуулах юм байна. Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан 18 сурагч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэхээс гадна “Авьяас” алтан медалийн эзэн болж, Найрамдал төвд амрах, Төрийн ордонтой танилцаж, Чингисийн талбайд уран бүтээлээ толилуулах ажээ.

Мөн эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагчдад МУБИС-ийн Дүрслэх урлагийн анги, СУИС-ийн ДУС-д элсэн суралцах эрхийн бичиг олгох юм. Түүнчлэн сурагчдаа удирдаж оролцсон шилдэг гурван багшид өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж. Уралдааныг анх 1962 оноос зохион байгуулж эхэлснээс хойш 1990 оныг хүртэл Ардын Боловсролын Яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фонд, МПБ-ын төв зөвлөл, МУЭ хороо  зэрэг байгууллага жил бүр дэмжин оролцож байв. Үүнээс хойш 24 жилийн дараа буюу 2014 онд дахин сэргээж хоёр жил тутамд зохион байгуулдаг болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33078
0 эможи
keyboard_arrow_up