Хилээр гарахдаа бусдын дайвар бараа, ачаа тээшийг авч явахгүй байхыг анхаарууллаа

-ХҮНИЙ ДАЙСАН БАРАА АВЧ ЯВСАН БҮСГҮЙГ БАРИВЧИЛЖ, ТҮҮНТЭЙ АВТОБУСАНД
ХАМТ ЯВСАН ХҮМҮҮСИЙГ БАЙЦААЖЭЭ-
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын иргэн Х Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын нутаг руу нэвтрэхдээ хүний дайсан бараа авч гарчээ. Улмаар Эрээн хот руу хөлсний автобусаар явах замд нь тус улсын цагдаагийн байгууллагаас шалгаж, хар тамхи зөөвөрлөж явсан хэмээн баривчилсан байна. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ талаар сийрүүлэв.
Дээрх үйл явдлын гэрч Монгол улсын иргэн А “We Chat” сошиал сүлжээгээр “Өчигдөр намайг хилээр гарч байхад нэг жаахан охин баривчлагдсан. Учир нь тэр охин хүний дайсан бараа авч явсан. Цагдаа нар бүчээд авсан. Их өрөвдмөөр санагдсан. Түүний хомрогод автобусанд явж байсан хүмүүс болон жолооч нарыг байцаасан” гэжээ.
Дээрх хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд “Манай дээр сүүлийн нэг сарын хугацаанд ийм хэргийн талаар мэдээлэл ирээгүй байна. Харин хар тамхи хэрэглэсэн буюу биедээ авч явж байгаад саатуулагдсан гэх мэдээлэл ирсэн.
Он гарсаар есөн иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр баривчлагдсан. Эдгээрээс дийлэнхи нь БНХАУ-д байгаа. Монгол улсын 33 иргэн гадаадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаагаас 25 нь БНХАУ-д ял эдэлж байна. Консулын зүгээс энэ төрлийн гэмт хэргийн ялтануудыг ялтан шилжүүлэх гэрээгээр эх оронд нь авчрах боломж байдаггүй” гэлээ.
Эрүүгийн цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээллэж буйгаар, ойролцоогоор сар орчмын өмнө дээрх хэргийн талаар мэдээлэл ирсэн. Нарийн мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас өгдөг. Сүүлийн жилүүдэд иргэд санаандгүй байдлаар хар тамхины хэрэгт холбогдох нь ихэссэн. Хүний дайсан зүйлийг юу гэдгийг нь нягтлалгүй авах, хүнд хүргэж өгөх үедээ санамсаргүй байдлаар хэрэгт холбогддог гэлээ.
-ДЭЛХИЙН УЛС ОРНУУДАД ХАР ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН БОДЛОГО НЬ
МАШ ХАТУУ БАЙДАГ-
Хэдхэн жилийн өмнө манай улсыг “Хар тамхийг дамжуулагч орон” хэмээн олон улсын мэргэжлийн байгууллагууд тодотгож байсан. Харин одоо “Хэрэглэгч орон” хэмээн тодорхойлж байна. Албан бус тоогоор, хар тамхи хэрэглэгчдийн тоо 6000-аас давсан гэж үздэг.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын иргэд санамсар болгоомжгүйгээсээ болж, хар тамхины хэрэгт холбогдох, энэ төрлийн гэмт хэргийн золиос болох явдал цөөнгүй гарах болсон. Өнгөрсөн 2015 онд дээрхтэй ижил хоёр ч хэрэг гарсан. Тиймээс иргэдийг хилээр гарахдаа хүний дайвар бараа, ачаа тээш авч явахгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Дэлхийн улс орнуудад хар тамхины тухай хуулийн бодлого нь маш хатуу байдаг аж. Тухайлбал, урд хөршид 50 гр-аас дээш хэмжээний хар тамхийг ашиг олох зорилгоор тус улсын хилээр оруулж ирсэн бол цаазаар авах ял оноодог. Гэмт хэргийн нөхцөл байдал, хүнд уруу татагдсан, хууртагдсан, эсвэл завдсан гэдэг утгаар нь ялгавартай хандаж хугацаагүй хорих хүртэл ял оноодог байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байгаа Монгол улсын 25 иргэн байгаагаас цаазын ял сонссон иргэн гурав байдаг ажээ.









