Сургуулийн насны 6 хүүхэд тутмын нэг нь хямралд нэрвэгдсэн улс оронд амьдарч байна

2016 оны 5 сарын 07

Дэлхий дээрх сургуулийн насны 6 хүүхэд тутмын нэг нь хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн улс оронд амьдарч байгаа харамсалтай тоон мэдээ гарсан байна. НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ өөрийн түнш байгууллагуудтай хамтран энэ талаар судалгаа явуулж, сая тайлангаа нийтэлсэн юм. Тус тайлангаас үзэхэд дэлхийн 3-18 насны 75 сая орчим хүүхэд суурь боловсрол эзэмших боломжгүй хямралд нэрвэгдсэн улс оронд аж төрж байгаа юм.

Эдгээр хүүхдийн эх орон болох хөгжиж байгаа 35 улсад дайн тулаан, байгалийн гамшигт үзэгдэл болон бусад шалтгаанаас үүдэлтэй хүүхдэд боловсрол олгох асуудал орхигджээ. Дэлхийн хүмүүнлэгийн нийт тусламжийн ердөө 2 хувь нь боловсролын салбарт зарцуулагддаг гэх тооцоог НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурдсан байна. Гэтэл боловсрол хүүхдийн ирээдүйг үндсээр нь өөрчлөх хүчтэй гэдгийг тус сангийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Сургуульд хамрагдсан хүүхэд хүний наймааны хохирогч болох, зэвсэгт бүлэглэлд элсэх магадлал эрс буурдаг. Мөн боловсролтой залуу үе аливаа улсыг хямралаас гаргах, эдийн засгийн болон бусад салбарын хөгжлийг хурдасгах хөшүүрэг болдог байна. Иймээс хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд ундны ус, хоол хүнс, орогнох байраас гадна суурь боловсролын хүртээмжид анхаарахыг ЮНИСЕФ уриалж байна.

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Турк улсын Истанбул хотноо Дэлхийн хүмүүнлэгийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтаар хямралд нэрвэгдсэн орны хүүхдүүдэд суурь боловсролын хүртээмжийг сайжруулах “Боловсролыг орхиж үл болно” сан гараагаа эхлэх юм. Энэ сан ирэх 5 жилийн дотор 13,6 сая хүүхдийн боловсролын хэрэгцээг хангахад 4 тэрбум америк долларын хөрөнгө босгохоор зорьж ажиллах юм байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32863
0 эможи
keyboard_arrow_up