ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Хэн, Юу хэлэв

2016 оны 5 сарын 04

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цэцийн 05 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн: Б.Бат-Эрдэнэ 28 гишүүн дотор байгаа эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэр өнөөдөр Монгол улсыг элгээр нь хэвтүүлээд байна: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Муу дээр нь муухай, муухай дээр нь улцан гэгчээр улс төрийн намуудыг жагсаалтаар оруулж ирдэг энэ асуудлаа болих хэрэгтэй. Энэ дөрвөн жилийн хугацаанд хот хөдөө хаана ч явсан хар машин, жагсаалтаар орж ирсэн гишүүдийн талаар муу хэлж байна. Үндсэн хууль зөрчсөн гэдгийг ҮХЦ тогтоочихлоо. Иргэд ч энэ асуудалд нааштай хандахгүй байна. Намын нэрээр орж ирсэн гишүүдийн хувьд яг рейтенгээр орж ирсэн үү. Зүгээр л ар, өврийн хаалгаар орж ирсэн хүмүүс суугаад байна уу. Жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн дотор байгаа эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэр өнөөдөр Монгол улсыг элгээр нь хэвтүүлээд байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Өнөөдөр бид хоёр алхам ухарчихлаа: УИХ-ын зарим гишүүдийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гутарч байна. Би жагсаалтаар орж ирээгүй тойргоор орж ирсэн гишүүн. 2012 онд хоёр шийдвэр Улсын дээд шүүхээс гарсан. Тэгтэл өнөөдөр дээд шүүхээс гарсан шийдвэрийг дунд суудлаар үгүйсгээд байх юм. Би энэ ажлыг захиалгаар хийсэн гэж бодож байна. Бид өмнө нь энэ хуулийг батлахад нэг алхам урагшилсан. Харин өнөөдөр хоёр алхам ухарчихлаа. Би МАН-ыг хамгийн төлөвшсөн нам гэж бодож байсан. Харин тэгтэл хамгийн төлөвшөөгүй нам нь энэ МАН байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эмэгтэйчүүд сонгуульд оролцох боломжийг хаалаа: Цэцийн гаргасан шийдвэр өнөөдөр анхаарлын төвд байна. “Цэц 2012 онд гаргасан дүгнэлтээ өөрчилсөн шийдвэр гаргалаа. Цэцийн шийдвэрийг дэмжих боломжгүй. Сонгуулийн тухай хуулийг МАН олонх байхдаа дэвшилттэй хэмээн үзэж баталсан. 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар янз бүрийн хүмүүс орж ирсэн. Ядаж дүүрэгт нэр дэвшиж байгаагүй хүмүүс УИХ-д орж ирснээр парламентын нэр хүнд унасан.Түүнчлэн нийгмийн зорилтот бүлгээс нэр дэвших боломжийг хааж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд сонгуульд оролцох боломжийг хаалаа. Бид гаргасан дэвшлээсээ ухарч байна. Эмэгтэйчүүдийн квотын устгах тухай яриа эрэгтэй гишүүдийн дунд ярьсан гэсэн яриа байгаа шүү. Хэрэв ийм асуудал байгаа бол бид хатуу тэмцэх болно” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, “Албан ёсоор ийм яриа болоогүй. Манай эрэгтэйчүүд ийм арга ядсан улс биш” гэсэн хариу тайлбар өгөв.

Л.Энх-Амгалан Би айж, бас гайхаж байсан: Чимид гуай "Хуулийг хууль гацаадаггүй. Харин хуулийг хүн гацаадаг" гэсэн байдаг. Ер нь бол ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг би дэмжиж байна. Гэхдээ өнөөдөр гаргасан ҮХЦ-ийн шийдвэр ойлгомжгүй. Эргээд ирээдүйд маш их сөрөг үр дагавартай. ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж аваад сонгуулиа хийлээ гэхэд дараа нь нийгэмд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл байдал үүсэх вий дээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Гончигдорж гишүүн оролцохгүй гэж байсан. Би айж, бас гайхаж байсан. Гончигдорж гишүүн дараа нь "Намайг дарга болоогүй байхад даргагүй ҮХЦ ийм ажил хийсэн" гэсэн асуудал гарах вий дээ. Өнөөдөр Үндсэн хуулийн аргагүй Өмнө нь 2012 онд гаргасан хуулиасаа шал өөр хууль гаргах юм. Цэц өнөөдөр нийгэмд хамгийн тогтворгүй байдлыг бий болгож байна.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Жагсаалтаар сонгогдсон гээд муудсан зүйл байхгүй: Жагсаалтаар сонгогдсон гээд муудсан зүйл байхгүй. Зарим нь нам бүлгийн даргын албыг хашаад явж байна. Цэц нийгмийн захиалгыг бодолцож шийдвэрээ гаргасан байх. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн   Г.Уянга, "Одоогийн сонгуулиар жагсаалтаар шинэ хүмүүс орж ирэх боломж бүрдэж байсан юм. Манай намд бол ашигтай хувилбар байсан. Гэхдээ би манай намд ашигтай гэх биш иргэд сонсогчдынхоо хүсэл сонирхлыг хүндэтгэх болно. Өнөөдөр нэр дэвшигчид өөрсдөө яаж сонгуульд оролцох вэ гэдэг дээрээ эргэлзээтэй байгаа үе. Цэцийн шийдвэрийг хүлээж авсан бол ямар тогтолцоогоор сонгуулиа явуулах вэ гэдгээ гишүүд сайн бодолцоорой. Сонгууль хойшлуулах аливаа асуудал гарвал гишүүнээсээ татгалзана. Жижиг 76 тойргоор сонгууль явуулна гэсэн яриа байна. Энэ системийн нөлөөг бид хангалттай үзсэн. Тиймээс энэ тогтолцоогоор сонгуулиа явуулж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хэрэв холимог системээр сонгуулиа явуулья гэвэл Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ёстой : Би чуулганы завсарлага болгоноор тойрогтоо ажилладаг. Аймгуудад ч ажилладаг. Жилд 300 гаруй суманд ажилладаг. Ингэхэд намын жагсаалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж ард түмэн нийтээрээ хэлдэг юм. Хэрэв холимог системээр сонгуулиа явуулья гэвэл Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ёстой. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ямар нэгэн байдлаар нийгмийг тогтворгүй байдал руу шилжүүлэх алхамыг хийж болохгүй Энэхүү асуудлыг нухацтай ярих ёстой. Цэцийн шийдвэртэй холбоотой дараа дараагийн урган гарах асуудлын зохицуулалт дээр онцгой анхаарах хэрэгтэй. Сонгууль хуулийн хугацаанд явах ёстой. Төрийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн санаархал байвал үүнийгээ орхих хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нийгмийг тогтворгүй байдал руу шилжүүлэх алхамыг хийж болохгүй.

Ийнхүү гишүүд үгээ хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, "Цэц нь Үндсэн хууль зөрчиж, монгол төрийн ой санамжийг гутааж байгаа тул би санал хураалтад оролцохгүй" хэмээв. Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 80.4 хувь нь дэмжсэн санал өглөө. Ингэснээр УИХ цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээж авав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32645
0 эможи
keyboard_arrow_up