Зургаан байр ухарсан үзүүлэлттэйгээр ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ өдрийг тэмдэглэж байна

Жил бүрийн тавдугаар сарын 3-ыг дэлхий нийтээр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг.
ЮНЕСКО-гийн санаачилгаар 1993 оноос тэмдэглэж ирсэн энэ өдрийг сэтгүүлчдэд зориулсан мэт боловч үнэндээ уншигч сонсогч, үзэгч таны мэдээлэл авах эрх чөлөө, олон ургальч үзлийн төлөө тэмцэхэд зориулсан юм. Энэ жил тус өдрийг “ Дэлхий нийтээр мэдээлэл, тогтвортой хөгжлийн эрх чөлөөний төлөө “ гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. “ Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийн 2016 оны тайланд Монгол Улс өмнөх жилийнхээс зургаан байр ухарч, 60 дугаар байрт орсон. Монголд хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан, олон нийтийн телевиз бүрэлдэн төлөвшиж байгаа эерэг үзүүлэлт гарсан ч сэтгүүлчдэд үйл ажилгаагаа явуулах эрх зүйн орчин дутмаг, цахим сайтуудыг хаасан, сэтгүүлч болон хэвлэлийг шүүхэд өгсөн тохиолдол нэмэгдсэн, сэтгүүлчид өөрийгөө цензурдэх нь ихэссэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод биш гэсэн үндэслэлээр ийн ухраажээ.









