Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн дунд цахим сугалаа явагдлаа

“Буянт-Ухаа 2” хорооллын 350 айлын орон сууцанд түрээсийн байранд амьдрахаар бүртгүүлсэн иргэдийн дунд цахим сугалаа явагдлаа. Улаанбаатар хотод Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийг зорилтод 7 бүлэгт хуваан сугалаа явуулж, энэ баасан гарагаас түрээсийн орон сууцанд хамрагдах нь тодорхой болсон иргэдийн мэдээллийг нээлттэй танилцуулах юм байна. Цахим сугалаанд оролцох боломжтой гэж үзсэн 2400 гаруй иргэдийн нэрсийг ТОСК танилцуулж, тэдэнд сугалааны дугаар өгсөн юм. Харин шалгарсан иргэдэд хэдэн тоотод байр хуваарилсан болон эхний гурван сарын байрны төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлнэ. Иргэд мэдэгдлийн дагуу төлбөрөө төлсний дараа зээлийн гэрээгээ хийж, байрандаа орох бүрэн бололцоотой болно гэж ТОСК мэдээлсэн юм. Мөн дахин түрээсийн орон сууцанд хамруулах байр гарвал өмнөх сугалаанд оролцсон иргэдийг дахин бүртгэхгүйгээр хамруулах юм байна.









