Иргэдийг хувьцаагаа бусдад худалдахгүй байхыг анхаарууллаа

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж, түүгээр далимдуулан үнэт цаасны данс нээж буй талаар иргэдээс Хороонд хандан мэдээлэл ирүүлэх болжээ. Хэдийгээр иргэд үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор, үнэт цаасны данс нээлгэх эрхтэй боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшихтэй холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ. Мөн иргэн таны эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хоёрдахь зах зээл нээгдэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдахгүй байхыг Засгийн газрын тогтоолд заасан тул бусдад хувьцаагаа шилжүүлэхгүй байхыг анхааруулсан байна.









