“Орон нутгийн төсвийн ил тод байдал 2013” судалгааны дүн гарлаа
Орон нутгийн түвшинд төсвийн ил тод нээлттэй байдлыг хөндлөнгөөс үнэлсэн “Орон нутгийн төсвийн ил тод байдал 2013 судалгаа хийжээ. Нээлттэй нийгэм форумаас орон нутгийн төсвийн ил тод байдлыг үнэлсэн хоёрдохь удаагийн судалгааны хүрээнд Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын 2013 оны орон нутгийн төсвийн баримт бичиг ба төсвийн үйл явцын ил тод, нээлттэй байдлыг үнэлсэн байна. Судалгааг 2013 оны 10-р сараас 2014 оны 3-р сар хүртэл нийт 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Судалгаанд хамрагдсан аймгууд нь 100 онооноос дөнгөж 36 оноо авсан нь орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй түвшинд байгааг илтгэжээ.Төсвийн ил тод байдлыг хангах талаар хууль тогтоомжид хангалттай олон заалт тусгагдсан боловч эдгээрийг хэрэгжүүлэх явцад ахиц гараагүй байна. Судалгаагаар хамгийн өндөр оноо буюу 55 оноог Хөвсгөл аймаг авсан бол хамгийн бага оноог Баянхонгор авчээ. Тиймээс төсвийн харилцааг ялангуяа төсвийн ил тод байдлыг зохицуулсан хэд хэдэн эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдөгдөж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд нутгийн удирдлагын зүгээс төсвийн үйл явц болон төсвийн баримт бичгийг ил тод, нээлттэй болгох хууль журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.