ААН, байгууллагын ТООЛЛОГЫН явц 21 хувьтай байна

Таван жилд нэг удаа хийгддэг аж ахуйн нэгж, байгууллагын тооллого улсын хэмжээнд зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 150 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага тооллогод хамрагдана гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас тооцоолжээ. Өөрөөр хэлбэл 2011 оны тооллогоор 66.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага тоологдож байсантай харьцуулахад хоёр дахин их ажил байна гэсэн үг юм. Энэ сарын 15-ны байдлаар тооллогын явц 21 хувьтай байгаа аж. Завхан, Өвөрхангай, Дархан-Уул зэрэг аймагт тооллогын ажлын явц 60 гаруй хувьтай байгаа нь улсын хэмжээнд дээгүүрт бичигдэж байна. Өмнөх удаагийн тооллогуудтай харьцуулахад энэ удаагийн тооллогыг уламжлалт аргатай хамт цахимаар явуулж байгаа гэдгээрээ онцлог болж байгаа юм. Аж ахуйн нэгж байгууллагууд aanb.nso.mn цахим хаягаар орж, тооллогод хамрагдах боломжтой юм байна. Монгол Улсын эдийн засаг, компаниудын чадавхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой энэхүү тооллогын нэгдсэн дүн ирэх 11дүгээр сард гарна гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Харин тавдугаар сарын 1-нд тооллого дууссаны дараа сар хагасын хугацаанд нягталж шалгах ажил хийгдэх юм байна.









