Цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхаарууллаа

2014 оны 5 сарын 19

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газар 05 дугаар сарын 02-ны өдрөөс 05 сарын 16-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 22676 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1169 нэгж буюу 5.4 хувиар өсч, 641 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 33 нэгж буюу -4.8 хувиар  буурсан үзүүлэлт байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 76 хүний амь нас хохирчээ. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл 45 буюу 59.2 хувь нь өвчний улмаас, 10 буюу 13.1 хувь нь боомилж, 2 хүн явганаас унаж, тоосго нурж, мотоциклээс унаж, осгож 16 буюу 21.0 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 98 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 81 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын  17  дуудлага байна. Зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн 3 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 30 хүний амь биеийг авран хамгаалжээ. 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:47 цагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “МВС” ХХК-ний “Барс-2” худалдааны төвийн Цайны газарт хийн түлш- нээс гарсан галыг НОБГ-ын Аврах гал унтраах 18, 26, 10, 30 дугаар ангиуд худалдааны төвийн урд хэсэгт байрлах өргөтгөлийн зэргэлдээх повьлионы дээвэр, хана шатаж байсныг  нийт 68 алба хаагч, гал унтраах зориулалтын 13 автомашинтай 2 цаг 30 минут ажиллан бүрэн унтраасан байна. Тус худалдааны төв нь худалдаа үйлчилгээний төв, ногооны агуулах бүхий 2 давхар өргөтгөлийн барилга, тэдгээрийг холбосон хүзүүвчинд байрлах цайны газар, контор зэрэг барилга байгууламжаас бүрдсэн бөгөөд худалдаа үйлчилгээний төвийн барилгын бичиг баримт, зураг төсөл  нь байхгүй байжээ.         Мөн 5 дугаар сарын 17-ны өдрийн 18.54 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Хуучнаар Улсын их дэлгүүрийн баруун жигүүрийн 3-5 дугаар давхаруудын агааржуулалт, техникийн өрөөний 380 вольтын цахилгаан дамжуулах босоо цахилгааны утас шатаж байсныг Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг ажиллан унтрааж, үйлчилгээний заалны утааг гарган, хайгуулын ажиллагаа явуулж ЧД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн болон харуул хамгаалалтын албанд хүлээлгэн  өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч их хэмжээний хохирол учрах тохиолдол нэмэгдэж байгаа тул анхаарал хандуулж, холбогдох журмыг баримтлан ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан.
Харин Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 372 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 161, осол, зөрчлийн шинжтэй 211 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 6 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 40  бүртгэгдсэн байгааг урьд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад  29.8 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3156
0 эможи
keyboard_arrow_up