IV ээлжээр газар олголтод сонгогдсон иргэдийн газар өмчлөх шийдвэрийг олгож байна

Газар өмчлөлийн цахим системийн IV ээлжээр Баянзүрх дүүрэг дэх байршлуудад сонгогдсон иргэдийн газар өмчлөх шийдвэр гарсан байна. Эдгээр иргэдийн газар өмчлөх шийдвэрийг Дүүргийн Өмч, Газрын Харилцааны алба олгож байгаа ажээ. Харин Бурхантын ам, Өндөр хаан уул, Дүүрэнгийн хөндий дэх байршлуудад газар өмчлүүлэх захирамж хараахан гараагүй байгаа гэж Нийслэлийн Өмчийн Харилцааны газраас мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Өмчийн Харилцааны газраас 52 байршилд таван удаагийн цахимаар газар өмчлөх ажлыг зохион байгуулсан юм. Үүгээр нийт 75.1 мянган иргэн цахимаар газар өмчилж авчээ. Эдгээр иргэдийн бичиг баримтуудыг хүлээн авч, баталгаажуулах, газрын гэрчилгээ олгох зэрэг ажлын явц 60 хувьтай байгаа талаар Нийслэлийн Өмчийн Харилцааны газраас мэдээллээ. Энэ оноос эхлээд НИТХ-аас шинээр баталсан 68 байршилд цахимаар газар өмчлүүлнэ. Эхний ээлжийн газар эзэмшүүлэх ажлыг бэлтгэл үндсэндээ хангагдаж, ирэх сард цахимаар газар олгох ажил эхлэх гэж байгаа юм байна.









