Монголд ирэх жуулчдын тоо буурчээ

2016 оны эхний улирлын дүнгээр Монгол Улс нийт 49 мянга 562 жуулчин хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны 53.8 мянган хүн хүлээн авсан үзүүлэлтээс 7.9 хувиар буурсан тоо болжээ. Монголыг зорьсон жуулчдын урсгалын дийлэнхийг БНХАУ-ын иргэд бүрдүүлсэн хэвээр байна. Тайлант хугацаанд БНХАУ-ын 18.5 мянган жуулчин Монголыг зорьсон бол араас нь ОХУ, Япон, Казакстан болон БНСУ-ын жуулчид бичигдсэн байна. Гэхдээ БНХАУ-аас ирж байгаа жуулчдын тоо бараг 18.6 хувиар, Хонгконгийн жуулчдын тоо 26 хувиар буурсан нь нийт урсгал саарах гол шалтгаан болжээ. Үүнээс гадна Монголын аялал, жуучлалын салбарын зорилтот зах зээлд багтдаг Итали улсын жуулчдын урсгал эхний гурван сард хамгийн их хувь хэмжээ болох 26.1 хувиар татарсан байна. Жуулчдын урсгал нэмэгдэж байгаа чиглэлийг харвал Энэтхэг, БНАСАУ, Вьетнам, Филлипин зэрэг Ази-Номхон далайн бүсийн орнууд байгааг онцолж болохоор байна.









