Гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Гар урлал ба борлуулалтын менежмент” сургалтыг зохион байгууллаа. Гар урлалын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага болон иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, аялал жуулчлалын салбараас иргэд шууд ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүний чанар, дизайн, хаяг, шошго, тайлбар, түүхий эд, сав баглаа боодлыг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэх, сайжруулах чиглэлээр сургалтууд явагдаж, орчин үеийн жуулчдын хэрэгцээ, сонголтод гарч буй өөрчлөлт, борлуулалтын маркетингийн талаар мэдээлэл солилцлоо. Зах зээлийн өрсөлдөөнд үнээр бус дахин давтагдашгүй байдал, загвар дизайн, түүхий эд материалын сонголт, хийцээрээ ялгарч байж амжилт гаргахын зэрэгцээ жуулчдын шаардлагад нийцсэн буюу авч явахад авсаархан, хөнгөн, тухайн газрынхаа онцлогийг илэрхийлсэн, шууд хэрэглэх боломжтой хамгийн чухал нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн байх зэрэг олон шаардлага тавигддаг болсныг оролцогчид онцолж байв.