Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг бүх төрөл хэлбэрээр нь хэвээр хадгална

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулиудад тусгагдсан халамжийн асуудлуудаар төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг бүх төрөл хэлбэрээр нь хэвээр нь хадгалах буюу хүрсэн түвшингээс нь бууруулахгүй байх гэсэн үндсэн зарчмыг баримталж байгаа аж. Мөн нийгмийн баталгааг одоогийнхоос дордуулж хязгаарласан, хассан зүйл, заалт байхгүй гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна.
Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэврийн насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдөх тохиолдолд нэг удаа 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг өгч болох тухай зохицуулалт Төрийн албаны тухай хуулинд байдаг. Буцалтгүй тусламж олгох журмыг Засгийн газар баталдаг. 1995-2015 оны хооронд Засгийн газрын таван удаагийн шийдвэр төрийн албан хаагчдын нөхөн төлбөр, тусламж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг зохицуулсан. Түүнчлэн төрийн албаны нийтлэг үйлчилгээний буюу жолооч, харуул, манаач, галч, тогооч, угаагч, сантехникч, ачигч гэх мэтчилэн ТҮ-1-ТҮ-4 хүртэлх зэрэглэлд хамрагдсан 36769 албан хаагч байгаа. Үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 28375 нь ажиллаж байна. Эдгээр албан хаагчдын нийгмийн баталгааг салбарын хуулиудад тодорхой зохицуулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай, Боловсролын тухай хуулиар эмч, багш нар болон эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг зохицуулсан байгаа. Төрийн захиргааны байгууллагын ангилал буюу тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын албан хаагчдын нийгмийн баталгааны зохицуулалт нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль, бусад эрх зүйн актаар зохицуулагддаг. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” журам батлах тухай Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор зохицуулсан. Энэхүү тогтоолд Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагчид тэтгэмж олгоход уг журмыг баримтлахаар шийдвэрлэсэн байна.









