Эрүүл мэндийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эрүүл мэндийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна. /2014.05.12-2014.05.16 /
МХЕГ-ын Хэмжилзүйн хяналтын ахлах байцаагч О.Ганбаяр: “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв торгуулийн арга хэмжээ авсан байна”
Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагч нар хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ оношилгоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв эсэх, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд шалгалтад хамрагдлаа. Уг шалгалт өнгөрсөн 4 сарын эхээр хийгдсэн байгаа. Хэмжилзүйн чиглэлээр гол илэрсэн зөрчил гэвэл хүний цусны даралтыг үздэг аппарат улсын баталгаажуулалт огт хамрагдаагүй байсан. Тухайлбал, эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төвийн аппаратууд хамрагдаагүй байсан. Харин бусад эмнэлгүүд нь бүрэн хамруулсан байсан боловч заримынх нь баталгаажуулалтын хугацаа дууссан байсан. Өвчтөнг жин дээр хэмжиж, өндрийг үзсэний дараа тухайн хүний жин өндөрт харьцуулалт хийж эмийн тунг тааруулдаг. Гэтэл улсын I эмнэлгийн бөөрний тасагт хэрэглэж байгаа 600 кг хүртэл жигнэх жин эвдэрхий, улсын баталгаагүй байсан. Шалгалтад хамрагдсан 5 эмнэлгийн 40% нь бага эрсдэлтэй, 60% нь дунд эрсдэлтэй гэж гарсан. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 86 заалт бүхий таван албан шаардлага хүргүүлсэн. Хууль тогтоомж зөрчсөн ЭХЭМҮТ-д арга хэмжээ авсан байгаа.
СЭМҮТ-ийн IV клиникийн эрхлэгч Монгол улсын зөвлөх эмч Н.Отгон: “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Асрамжийн газар болчихлоо”
Манай эмнэлэг 11 тасагтай, 5 тасаг нь хурц хэлбэрийн өвчтөнг эмчилдэг. Миний хувьд IV тасгийг ахлан ажилладаг. Манай тасаг 45 ортой хэрнээ 66 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа. Сэтгэцийн өвчин ихсэж байгаа учраас өвчтөн ихтэй, нэг орон дээр 2 хүн ноогддог. Нэгэнт хурц солиоролтой ирж байгаа хүнийг чадахгүй гээд буцаах аргагүй болохоор орны хүрэлцээ муу ч гэлээ авахаас өөр аргагүйд хүрдэг. Манай асрамжийн газар гэж байсан. Татан буугдаад манай эмнэлэгтэй нэгдсэн. 100 ортой энэ газарт асрамжаас хамт ирсэн хүмүүс нь хэвтээд л дүүрчихсэн. Эдгээр хүмүүс ямар ч хамаатан садан, ах дүү байхгүй учир энд байлгахаас өөр аргагүй. Энэ хүмүүсээс нэг нь нас барсан тохиолдолд ор гарна. Харин хурцын тасагт хэвтэн эмчлүүлдэг өвчтөнүүдийн хувьд ах дүү, хамаатан садан байдаг боловч эргэж ирдэггүй. Нэгэнт солиорчихсон гээд огт тоодоггүй. Ерөнхийдөө манай эмнэлэг сэтгэцийн эмнэлэг биш асрамжийн газар болсон. Иймээс төр засгаас сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан тусгай асрамжийн газар байгуулаад өгөөч гэж хүсмээр байна. /5 сарын 16. Үндэсний шуудан/
Ачтан эмнэлгийн Эрчимт эмчилгээ – мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, эмч Ё.Бямбасүрэн: “Унтуулгын явцад тархины үйл ажиллагаа түр саатдаг учир мартамхай болдог”
Монгол улсад мөрддөг эмийн нэршил жагсаалт гэж байдаг. Үүний дагуу “Эм Импекс”, “Монос” зэрэг компани мэдээ алдуулалт хийхэд хэрэглэдэг эм, тариаг оруулж ирдэг. Унтуулах эм гэхэд судсаар таригдах, амьсгалын замаар ууршиж унтуулдаг бодисууд байдаг. Түүнийг албан ёсны баталгаатай, дотоод сүлжээний шугамаар авдаг. Эх барих, мэдээгүйжүүлгийн эмч нар хоорондоо ярилцан төрөлтийн ямар үе шатанд өвдөлтийг намдаах вэ гэдгийг тодорхойлдог. Аливаа эмнэлгүүд мэс засал хийдэг л бол мэдээгүйжүүлгийн эмч, эрчимт эмчилгээний тасагтай байж, үйл ажиллагаагаа амар амгалан явуулж чадна. Хагалгааны цар хүрээнээс хамаарч унтуулах эсвэл хэсэгчилж мэдээ алдуулалт хийдэг. Жишээ нь, буглаа нээх, хумс авах зэрэг хурууны жижиг хагалгаа хийхэд тухайн өвчтөн өөрөө хүсвэл унтуулж болно. Зөвхөн тэнд нь хатгаад хэсгийн мэдээ алдуулалт хийх боломжтой байхад зарим хүн айдастай байдаг учир мөн унтуулдаг. Харин ерөнхий мэдээгүйжүүлгийн /унтуулах/ үед хүний уураг тархи түр хугацаанд сааталд орж, гадаад орчны бүх мэдээллээс тусгаарлагддаг. Зарим хүмүүс мартамхай болчихлоо гэдэг. Энэ нь унтуулгын явцад тархины үйл ажиллагаа түр хугацаанд сааталд орсонтой холбоотой. Зарим хүн мартамхай болсон байхад зарим хүнд огт нөлөөлдөггүй. Тухайн хүний эрхтэн системийн ялгаруулах, хоргүйжүүлэх, эд эсийн сааталд орох, сэргэх чадвар мөн дархлааны систем ямар байна зэрэг олон янзын хүчин зүйл нөлөөлнө. /5 сарын 16. Үндэсний шуудан/
ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Б.Алтанцэцэг: “Бид Мөнгөн Гүүр эмнэлэгт сарын түрээс гэж 29 сая төгрөг өгдөг”
Тасгийн хэмжээндээ 80 ортой. Өдөрт 30-70 хүн үзүүлж 5-10 хүн хэвтдэг. Гэхдээ бид зөвхөн хүнд хэлбэрийн хэвтэх шаардлагатай хүмүүсээ авч байгаа. Мөн өдөрт дунджаар 5-10 хагалгаа хийдэг. Гэвч манайд ирэх хүмүүсийн тоо их учраас ачаалал их, ор тасаг хүрэлцэхгүй асуудал байнга гардаг. Түлэнхийн төвийн барилга хэзээ баригдах, ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл үнэндээ хомс байна. Анх тендер зарлагдаад биднийг нүүж байхад 2 жилийн хугацаанд барилга баригдаж дуусна гэж байсан. Гэтэл өнөөдөр 2 жил өнгөрсөн байхад барилга бүү хэл суурь нь ч алга байна. Уг тендерт “Цаст” Консракшн ялсан. Гэтэл одоо ямар ч сураг алга. Одоогоор бид хувийн эмнэлгийн байрыг түрээслэж байна. Бид сард 29 сая төгрөгийн түрээс өгдөг. Энд ирээд жил болж байна. Энэ хугацаанд 300 гаруй сая төгрөгийг дан түрээсэнд өгсөн. /5 сарын 16. Нийслэл таймс/