“Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг засварлана

“Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хувьчлахгүйгээр үйл ажиллагааг нь цаашид хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас гаргасан. Харин өнөөдөр тус төвийн дээврийн засвар шинэчлэлийн ажилд шаардлагатай санхүүжилтийг Япон улсаас олгох гэрээнд тус улсаас манай улсад суугаа Элчин сайд болон “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн төлөөлөл гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа “Хүүхдийн урлан бүтээх төв”-д болсон юм.
Энэ төвийг Мэргэжлийн хяналтын байгууллага 2007 онд нурах аюултай гэж акталсан. Мөн 2014 онд барилга байгууламжийг нь засварла гэсэн дүгнэлт гарч байсан. Өөрөөр хэлбэл, энэ барилгад хүүхдүүд сурч хүмүүжих нь эрсдэлтэй болоод байсан юм. Харин асуудлыг шийдэхэд Япон улс туслаж байгаад, энэ төвд суралцдаг 1400 гаруй хүүхэд, тэдний аав, ээжүүд, багш нар баяртай байна. Хүүхдүүд баярласан сэтгэлээ өөрсдийн бүтээлээрээ илэрхийлж байлаа. Тэд “Баярлалаа Япон орон” гэсэн сэдэвтэй 200 гаруй бүтээлийг өнөөдөр дэлгэн үзүүлсэн юм. Элчин сайд Такэнори Шимизү “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг зорин ирж, тэдэнд Япон Улсын Соёлын өвсний үндэс хөтөлбөрийн буцалтгүй тусламж болгон 84440 америк долларын санхүүжилт олгохоор болсон.
“Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн дээврийн засварын ажил ирэх сарын 10-наас эхэлж, зургаадугаар сарын сүүлээр дуусах юм байна. Япон Улсын Соёлын Өвсний үндэс хөтөлбөрийнхөн санхүүжилтийг дээврийн засварын ажлыг хариуцах компанид гурван үе шаттайгаар олгох юм байна.









