Хүүхэд харах үйлчилгээ албан ёсоор хэрэгжиж эхэллээ

Энэ оны нэг сард хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдаж, өнөөдрийг хүртэл тус хуулийн хэрэгжилтийг хангах, багш сургагч нарыг сургалтад хамруулах зэрэг бэлтгэл ажил хийгдэж дуусчээ. Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал мэдээллэлээ.
Тэрээр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан цэцэрлэгүүд нь улсын цэцэрлэгийн нэгэн адил зуны улиралд амарч есдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авч хичээллэх юм. Бид бэлтгэл ажлын хүрээнд 150 сургагч багш бэлдсэн. Эдгээр багш нийтдээ 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон байгаа. Мөн хүүхэд харах үйлчилгээнд тодорхой стандартууд бий. Тухайлбал, нэг хүүхдэд 2.5 кв.м зай талбай оногдох ёстой, өрөөний температур, халаалтын горим зэрэг шаардлагуудыг хангасан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулж байна. Ингэж сургалтад хамрагдаж, сертификат авсан, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл бүхий хүмүүс л хуульд хамрагдаж байгаа гэлээ.
Улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Энэхүү төсөвт багтаан улсын хэмжээнд 10328 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдана. Нэг хүүхдийн хувьсах зардал нь сарын 116700 төгрөг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал нь үүнээс хоёр дахин их буюу 233400 төгрөг байна. Харин тухайн хүүхэд харагч нь эцэг, эхтэй нь харилцан тохиролцож, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд эцэг, эхээс тодорхой зардал гарна. Тухайлбал, бичиг хэргийн зардал, илүү цагаар харуулах бол түүний нэмэлт мөнгө зэрэг тодорхой хэмжээний зардал эцэг эхээс гарч болно. Гэхдээ нийт сарын төлбөрийн 50-60 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 насны хүүхдүүд хамрагдана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нас харгалзахгүйгээр хамрагдах боломжтой юм.









