Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

2016 оны 4 сарын 01

Тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдын зээл болон хаваржилт, мал төллөлтийн талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Манансан нар мэдээлэл хийлээ.

УИХ, ЗГ-ын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад зээл олгох шийдвэр гаргасан байна.

ХХААЯ-ны зүгээс 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл гаргуулах шийдвэрийг ЗГ-аас гаргуулж, хүсэлтийг Хөгжлийн банканд  хүргүүлсэн байна. Ингээд Хөгжлийн банк  гуравдугаар сарын 31-нд зээлийн хорооны шийдвэрээ гаргаж эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээл гаргахаар тогтжээ.
Энэхүү хөнгөлөлттэй зээлийг Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкаар дамжуулан тариаланчдад олгохоор болсон бөгөөд хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл гаргах аж.

Ирэх долоо хоногоос ААН-үүд банкан дээр очиж зээлээ судлуулах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр хаврын тариалалт эхлэх боломжтой гэж үзэж байна.

2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан дөрвөн аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж найман мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгохоор хэрэгжилтийг зохион байгуулж байгаа ажээ.

Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөсөн байна. Үүнд,

    2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ  5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгож байгаа.
     
    Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын найман мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгохоор шийдвэрлэжээ.
     
    2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд дөрөвдүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшуулалыг олгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30974
0 эможи
keyboard_arrow_up