"Эдийн засгийн чуулган-2016" чуулганы үеэр Хэн, Юу хэлэв
Эдийн засгийн чуулган 2016 “Сургамж, сорилт, шийдэл” гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа. Чуулган хоёр өдөр салбарын хуралдаанаар үргэлжиллээ. Энэ удаагийн чуулганаар Хэн, Юу хэлснийг хүргэж байна.
Ц.Элбэгдорж: Би Монголын нийгэм урагшилна гэдэгт итгэдэг
“Жил бүхэн бид эдийн засгийн чуулгандаа цугларч тулгамдаж байгаа асуудлынхаа талаар ярилцдаг. Төр, засагтаа хандаж шүүмжлэлтэй үгүүдээ хэлдэг. Шаардлага тавьдаг. Монголчууд Ерөнхийлөгчөө хараад нүүрэн дээр нь шүүмжилж чаддаг. Ямар нэг айх, бэргэх зүйлгүйгээр санал бодлоо илэрхийлж чаддаг. Энэ бол Монголын давуу тал гэж би боддог. Ингэж байж бид хамтаараа явах чиг хандлагаа тодорхойлно. Энэ жилийн чуулганд нэг тодорхой онцлог бий. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн үе эхэлж байгаатай энэ жилийн чуулган давхцаж байгаа юм.
Одоо яг 90 хоногийн дараа УИХ-ын сонгуулийн дүн гарч байх юм. Ерөөсөө 90 хоног л үлдсэн байна. 90 хоногийн дараа Монгол Улсын улс төр, эдийн засгийн бодлого, нийгмийн амьдралын бодлогыг тодорхойлоход нөлөөтэй оролцох ямар хүмүүс, ямар хүчнийг Монголын ард түмэн сонгосноо харж байх ийм үед болж байгаагаараа энэ чуулган онцлогтой.
Тийм учраас энэ чуулган дээр яригдаж, хэлэгдэж байгаа үг бол улстөрчдийн, ирэх 4 жилд Монголын бодлогыг тодорхойлох гэж байгаа тэр хүмүүсийн чихэнд очиж, анхааралд орох ёстой гэж бодож байна.
Байдал өнөөдөр ямар байна вэ?
Улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн байдал ямар байна вэ?
Хамгийн энгийн хариултаар хүнд байна л гэж хариулж байгаа. Нэгдүгээрт, өнөөдөр иргэдийн амьдрал, ихэнх хүмүүсийн амьдрал хүнд байна. Та бүхэн харж байгаа байх. Хоногийн өл залгуулахын тулд, эм тарианыхаа мөнгийг залгуулахын тулд ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалж хэдэн төгрөг зээлж байна. Хүүхэд нь өвдсөн эх халамжийн дэвтрээ барьцаалж мөнгө зээлээд явж байгаа. Төрсний гэрчилгээг нь тавиад мөнгө зээлж байна. Иргэдийн амьдралыг харж байхад байдал сайн байна гэж хэлэх ямар ч аргагүй байна.
Ч.Сайханбилэг: Баялгийн сангаа бий болгож Баялгийн эзэн – Монгол хүнтэйгээ холбоно
Бид төсвийн орлого буурлаа, хөрөнгө оруулалт багаслаа гээд гар хумхин зүгээр суугаагүй ээ. Хөрөнгө босгож чадвал, мөнгө санхүү нь бэлэн байвал, сэтгэл гарган хийж бүтээн байгуулж болдог юмаа гэдгийг өнгөрсөн 4 жилд харуулж чадлаа.
Бид харин хийх ажлуудаа тодорхой харж байгаа. Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана. Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.
Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ. Бэрхшээл саадуудыг даван туулж том төслүүдээ үргэлжлүүлэн хөдөлгөнө. Гадаадын хөрөнгө оруулалтууд татах ажлаа идэвхийлэн үргэлжлүүлнэ. Эдийн засгаа солонгоруулах чиглэлээр төлөвлөсөн тодорхой ажлуудаа хэрэгжүүлнэ. Том бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлнэ. Эрдэнэс Монгол дээр суурилсан Темасек загварын шинэ бүтцэд шилжинэ. Баялгийн сангаа бий болгож Баялгийн эзэн – Монгол хүнтэйгээ холбоно.
Ардчилал сонин 2016.03.31 №060
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Аль болох уул уурхайн бус салбараа хөгжүүлэх ёстой
Эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн тухай сүүлийн хэдэн жил нэлээн их ярилаа, нэлээн ч их улс төржлөө.
Боломжтой бол бүр улсын төсвөөсөө хуримтлал бий болгох, тэр хуримтлагдсан мөнгөөрөө урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг зарчим руу шилжих нь Монгол Улсын хөгжлийн зайлшгүй сонголт. Мэдээж нөгөө талдаа экспортоо уул уурхайн, уул уурхайн бус гэж экспортоо хоёр хувааж харахгүй бол болохгүй. Экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байхаар гадаад зах зээл дээр үнэ нь уначихаар улсын валютын орлого огцом уначхаж байна. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 95 хувь нь уул уурхайн салбарт байхад бүтээгдэхүүний үнэ унахад хөрөнгө оруулалт тэг болж байна. Ийм нөхцөл байдлыг уул уурхай авчраад байдаг учраас аль болох уул уурхайн бус салбараа хөгжүүлж байх ёстой. Нэг үгээр хэлбэл, бид хөтөлгөө морьтой байх ёстой. Бидэнд уламжлалт маш сайн салбар байгаа. Хөдөө аж ахуйн салбар хүнсээс гадна биотехнологийн албар юм байна. энэ салбарын ирээдүй маш тодорхой юм байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П. Цагаан: Хар, цагаантай хорвоо гэдэг шиг сайны хажуугаар саар зүйлс ч олон байлаа
Монголын хүн амын жилийн өсөлт 1.6 хувь байснаа 2 хувьд хүрч, хүн амын тоо 3 саяыг давлаа. Монгол хүний дундаж наслалт 69 болж сүүлийн 20 гаруй жилийн дотор 6.5 жилээр уртаслаа. Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2,300 ам.доллар байснаа 2015 онд 4,200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхий дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ.
Хар, цагаантай хорвоо гэдэг шиг сайны хажуугаар саар зүйлс ч олон байлаа. Бид 26 жилийн өмнө сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон учраас тэр бүгдийн талаар энэ хоёр өдрийн туршид олон салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой байх болно.
Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, санал зөвлөмж бол Монгол хэмээх их айлын амьдралын энэ жилийн төдийгүй, ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой байна.
Олон улсын санхүүгийн корпорацийн зүүн Ази номхон далайн бүсийн захирал Вивек Патак:
Яг одоо бол монголын эдийн засаг нэлээд хүнд нөхцөл байдлыг туулж байна. Үүний шалтгаан бол эрдэс баялгийн үнийн уналт. Ерөнхийд нь харахад монголын эдийн засаг доод түвшиндээ хүрч байна. Магадгүй ирэх саруудад эдийн засаг савлаж болох ч 2017 оноос эргээд өсөх байх. Эдийн засгийг өсгөх гол эх үүсвэр нь Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт юм. Монгол Улс зөвхөн уул уурхайгаа түшиглэж эдийн засгаа бүрдүүлж болохгүй солонгоруулах шаардлагатай.









