Монголчууд “Та сайн явж ирэв үү” гэж асуудаг болохоос “Та хурдан явж ирэв үү” гэж асуудаггүй юм

2016 оны 3 сарын 31

Орон нутагт гарч байгаа автын ослын тоо болон нөхцөл байдал буурахгүй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аас шинэчилж баталсан бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн байгаа.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний осол аваар тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байгаа хэдий ч үнэн хэрэг дээрээ орон нутагт гарах авто тээврийн осол буурахгүй байгаа жаахан тийм үзүүлэлт харагдаад байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт “Приус 20” маркийн машинтай явж байсан зургаан хүүхэд хурд хэтрүүлэн давхисаны улмаас осолдож, гурав нь газар дээрээ амиа алдсан бол гуравт нь эмнэлгийн тусламж яаралтай үзүүлж амийг нь аварсан байгаа юм. Ослын шалтгаан эцэслэн гараагүй ч урьдчилсан байдлаар тэднийг хурд хэтрүүлсэн явсан байжээ. Тэд тэмцээнд оролцохоор ийн яарч яваад харамсалтайгаар орсолдож Ер нь орон нутгийн замд хурд хэтрүүлэн явах нь ослын нэг шалтгаан болдог юм байна. Түүнээс гадна хотын хөдөлгөөнөөс гарангуут согтууруулах ундааны зүйл хэрэглэж, машин жолоодож яваад осол гаргах тохиолдол олон байна.

Өнгөрсөн 12 дугаар сард гэхэд Төв аймгийн нутаг дэвсгэрт автын аюултай осол гарсан. Ланд-200 унасан согтуу залуус дарвиж яваад томоохон хэмжээний осол гаргасан. Хохирогчид Итгэл хамбад аялчихаад ирж байх замд нь машин унасан согтуу залуус өмнөөс урсгал сөрж, хурд хэтрүүлэн гарч ирээд мөргөсөн байдаг. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн хүнд бэртэл авч, нэг нь хөлөө тайруулсан билээ. Энэ мэтээр орон нутгийн замд эрх тааваараа явах ёстой гэж ойлгон хурд хэтрүүлэх, анхаарал сэрэмжгүй явах, архи согтууруулах ундаа ууж яваад осолдох тохиолдол гарсаар байна. Орон нутгийн замд осол гарах шалтгаан нөхцөл юу бэ гэхээр хөдөө орон нутгийн замууд үзэгдэх орчин хязаарлагдмал, нарийн, эвдрэл гэмтэл ихтэй байдаг. Ялангуяа шөнө оройн цагаар орон нутгийн замд осол гарах нь нь их. Хэрвээ та хамгийн хайртай дотны хэн нэгнийгээ аваад хөдөө орон нутгийг чиглэн явах гэж байгаа бол нэгдүгээрт тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж бас хангаж яваач.

Хоёрдугаарт хөдөлгөөнд оролцож байгаа бусад жолооч нарт мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу ослын тэмдэгээ байршуулах хэрэгтэй. Мөн автомашиндаа наасан цацруулагч нь тухайн жолоочид мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Түүнчлэн тээж яваа ачаа болон тухайн зорчин явах замын гадаргууны байдал, тухайн орон нутгийн онцлогт тааруулан тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж явах нь хамгийн чухал байна.

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 423 хүн амь насаа алдаж, 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирсан нь бага тоо биш. Үүнээс хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсан ба гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 306 буюу 72.4 хувь, гэмтсэн хүний тоо 556 буюу 43.3 хувь нь бүртгэгдэж, 87 хүн амиа алдсан тоо байгаа ч өнөөдрийн байдлаар орон нутагт ослын улмаас амиа алдсан иргэдийн тоо хараахан гараагүй байна.

Улсын хэмжээнд гарч байгаа нийт зам тээврийн ослын маш бага буюу 10 хүрэхгүй хувийг орон нутагт гарч буй осол эзэлж байна. Гэвч ослоос үүдэн гарах хор хохирол болох нас барсан гурван хүн тутмын хоёр нь, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан ослоос шалтгаалж байна. Орон нутагт гарч байгаа осол хэргийн шалтгаан нөхцлийг судалгаанаас үзэхэд 56.8 хувь нь мөргөлдөх, 17.5 хувь нь онхолдох, 11.1 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.7 хувь нь явган зорчигч дайрах, хэлбэрээр үйлдэгдсэн байна. Ард иргэд бүрэн бус мотоцикль согтуугаар жолоодож явахад осол гаргах тохиолдол их байдаг аж.

Автомашинаар зорчиж яваад осолд орсон хүмүүсийн дөнгөж 3.9 хувь нь хамгаалах бүсээ хэрэглэж явсан байдаг бол нас барахад хүргэсэн гэмтлийн дийлэнх буюу 70 гаруй хувь хамгаалах бүс зүүлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүсдэг байна. Түүнээс гадна Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Архангай аймгууд болон Налайх, Багануур дүүрэг гээд зам тээврийн осол нэлээн гардаг замууд оржээ.

Автозамыг анх баригдаад ашиглалтад ороход хүлээж авсан байгууллага нь сайн хянаж, шалгаж аваагүйгээс, буруу баригдсан зам дээр осол аваар гарсаар байгааг мэргэжилнүүд хэлж байсан. Ялангуяа 6, 7, 8 саруудад орон нутгийн замд осол аваар гарах нь ихэсдэг гэнэ. Иймээс орон нутгийн замд хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулдаг байна. Монголчууд бид эрт дээр үеэс алсын замд гарч байгаа хүнээ “Сайн явж хүрээрэй гэхээс хурдан явж очоорой” гэж ерөөж бас асуудаггүй заншилтай ард түмэн. Хурдан явсан ч, удаан явсан ч та хүрэх газраа эсэн мэнд хүрч байвал таны өнөөдрийн зорилго биелж байгаа шүү дээ гэдгийг иргэд та бүхэн бодож, нэгийг тунгаана биз.

Холын замд яарч явахгүй байх, машин жолоодож явахдаа анхаарал сэрэмжээ алдахгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, аюулгүй бүсээ байнга зүүж хэвших, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Замын цагдаагийн газраас нийт жолоочид анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30877
0 эможи
keyboard_arrow_up