Бүх таксиг тоолууржуулах шаардлагатай
Манай улсад таксийн үйлчилгээ 1990-ээд оны эхээр өмч хувьчлалын нэрийн дор үгүй болж 1993 оноос эхлэн сэргэсэн.
2003 онд таксийн тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3,960 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1,000 хүн тутамд 3-4 такси ноогдон, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрсэн бол өнөөдөр хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгж байгууллагын 550 тээврийн хэрэгсэл таксийн үйлчлгээнд ажиллаж байна.
Таксийн тээврийн хэрэгслийн парк үндсэндээ 100 хувь БНСУ-д үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслээс бүрдэж байгаа ажээ.
Олон улсын түвшинд таксиметрийн баталгаажуулалт өнөөгийн байдлаар
Таксиметрийн баталгаажуулалтыг сайжруулахын тулд Олон улсын Хууль эрхийн хэмжил зүйн байгууллагаас гишүүн орнууддаа зориулан гаргасан OIML R 21:2007 зөвлөмжийг эх хэлнээ орчуулан MNS OIML R 21:2014” Таксиметрийн хэмжил зүйн болон техникийн шаардлага, туршилтын аргачилал” стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар тогтоолоор үндэсний стандарт болгон баталжээ.
Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллагын OIML R21:2007 зөвлөмжийн дагуу улс орнууд дугуйны эргэлтийн импульс тоолох таксиметр ашиглаж байна. Зарим улс орнууд дэвшилтэд технологи ашиглан GPS системд суурилсан ухаалаг гар утасны программыг такси үйлчилгээнд ашиглаж эхэлсэн боловч хэрэглэгчид болон такси үйлчилгээ эрхлэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Жишээ нь:
- Францын Засгийн газар 2015 он гэхэд “Uber” такси үйлчилгээг хориглохоор шийдвэрлэжээ. Дотоодын такси үйлчилгээний компаниуд шударга бусаар өрсөлдөж байна хэмээн шүүмжлэл гаргасан. Гар утасны программ ашиглан такси захиалдаг “Uber” үйлчилгээ нэвтэрсэн нь энэ төрлийн бизнес эрхэлдэг 57 мянган францын иргэдэд муугаар нөлөөлжээ. Үүнээс гадна “Uber” үйлчилгээгээр зорчиж яваад осолдсон тохиолдолд хэрэглэгчдийг яаж хамгаалах нь тодорхойгүй. Тиймээс энэ үйлчилгээг бүрмөсөн хориглож, хууль зөрчсөн жолоочид 300 мянган еврогийн торгууль ногдуулах буюу хоёр жил хорих ялаар шийтгэхээр болсон.
- Францын Парис, Английн Лондон, Италийн Милан, Геманы Берлин зэрэг Европын олон том хотод таксины жолоочид ажил хаян, автозамуудыг хаан эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд ухаалаг гар утасны “Uber” нэртэй апплейкшн ашиглан захилга өгөх үйлчилгээ нэмэгдсэнийг эсэргүүцэн ажил хаясан.
- Мөн Испаний нийслэл Мадрид хотын хамгийн том таксины холбооноос 24 цагийн хугацаатай ажил хаясан байна. Мадрид хотноо 15 мянга гаруй бүртгэлтэй тээврийн хэрэгсэл таксины үйлчилгээ үзүүлдэг аж. Ажил хаялт Мадридаас гадна Барселон хотноо гарсан байна. Харин Английн нийслэл Лондон хотноо алдарт хар таксины жолоочид “Trafalgar” талбайд жагсан, эсэргүүцлээ илэрхийлж буй аж.
- Италийн Милан хотноо галт тэрэгний ажилчид, Ром, Неаполь, Германы Берлин, Хамбург зэрэг хотуудын таксины жолоочид 2014 онд ажил хаяж байсан.
Монгол Улсад худалдаа, үйлчилгээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг “ХНБХ” тухай хуулинд заасны дагуу загварын туршилт хийлгэн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулалтад хамруулсны үндсэн дээр төлбөр тооцооны хэмжих хэрэгсэл байдлаар ашиглах боломжтой. Сүүлийн үед зарим аж ахуйн нэгжүүд ухаалаг утсанд суурилсан GPS программ ашиглаж байгаа нь Монгол Улсын хууль зөрчиж байгаа ба энэхүү программыг ашиглаж туршсан улс орнуудад гарсан сөрөг үр дагавар үүсэх, нэгж дамжуулалт хийх боломжгүй.
Цаашид хэрэглэгчдийн эрх ашиг, хэрэгцээнд нийцсэн такси үйлчилгээг улам сайн хөгжүүлж, бүх таксиг тоолууржуулан улсын баталгаажуулалтанд тогтмол хамруулж байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Эх сурвалж: Стандартчилал, Хэмжил Зүйн Газар









