Нас баралтын давалгаанд дасан зохицохоос аргагүй

Хоёр их наяд иенээр хэмжигдэх Японы оршуулах зан үйл бүхэлдээ соёлын шилжилтэд оржээ. Эдийн засгаараа гуравдугаарт орох Японы хүн ам зүйг ирэх 20 жилд нас баралтын давалгаа нөмрөх шинжтэй байгааг даатгалын тайлангаас харах боломжтой.
Төрөлтийн түвшин тасралтгүй буурсаар буй Японд жилд нас барж байгаа хүний тоо 1.3 саяд хүрч, төрөлтөөсөө 300 мянгаар давчихжээ. Японы хөгширч буй хүн ам тус улсын оршуулгын газрын ачааллыг нэмж, 2040 он гэхэд жилд нас барах хүний тоо 1.67 сая болон оргилдоо хүрэх замд хэдийнээ орсон байна.
Гэвч 1990-ээд оноос хойш оршуулгын зардал өсөхийн хэрээр гашуудалд ирж байгаа хүмүүсийн тоо цөөрөх болсон аж. Нас барагчдын ард үлдэгсэд оршуулгын зардал болох 2.3 сая иенийг дурамжхан төлөх агаад ёс заншил заавал үйлдэх, эсэхээ гэр бүлүүд өөрсдөө шийдэх болсноор уг зан үйл ч ёс төдий болжээ. Нас барагсдын тоо нэмэгдэж буй энэ өөрчлөлтийг дагаад эл салбарын ашиг тогтвортой байх нь асуудал болж байгаа аж.
Арван хоёрдугаар сард Токиод оршуулгын нээлттэй яармаг худалдаа болон интернетээр лам залах үйлчилгээний талаар Япон дахь Amazon болон нэгэн буддист бүлгийн хооронд нэгэн маргаан үүссэн нь тэнгэрт хальсан ойр дотныхоо хэн нэгнийг эцсийн замд нь үдэх зан үйлийн зардлыг япончууд нарийн тооцох болсны илрэл болов.
Нас барагсдыг оршуулах салбарын талаарх судалгаа Японд бараг л байдаггүй. Гэхдээ тус улсын өндөр настнуудын 35-аас илүү хувь нь л гэр бүл, найз нөхдөөрөө эцсийн замдаа үдүүлэх хүсэлтэй байдаг бол найман хувь нь л оршуулга огт хийгээд хэрэггүй хэмээн хүсдэг байна.
Оршуулгын ёслолд оролцох ёстой хүмүүсийн үүрэг оролцоо ийнхүү бүдгэрч байгаа нь гашуудагчдын тоо цөөрөх шалтгаан болж буй аж. Өмнө нь байгууллагынхаа дарга, түүний ойр дотнын хэн нэгэн нас барлаа гэхэд үнэнч байдлаа илэрхийлж нутаглуулах ёслолд цугладаг уламжлалтай байсан тухай Японы оршуулах зан үйл эрхлэгч хамгийн том компани болох San Holdings-ийн ерөнхийлөгч Юүйчи Норо учирлав.
Өмнө нь хүмүүс завгүй бөгөөд дотно байгаагүй ч нэг компанийн ажилчин гэдэг утгаараа жилд дунджаар 2-3 хүний оршуулгад оролцдог энгийн уламжлалтай байв. Харин ажлын хүрээнд дагаж мөрдөх ёс, соёл өдгөө өөрчлөгдөөд байна. Ажил олгогчид ихэвчлэн хагас цагийн ажилчин авдаг болсонтой холбоотойгоор олон ажилтантай ч богино хугацаанд л хамт байх хандлагатай болжээ.
“Байгууллага, компаниуд өмнөх шигээ нэг гэр бүл шиг байхаа больсон. Бие биедээ үнэнч байх нь хүртэл багассан” хэмээн ноён Норо өгүүлэв. Тэрбээр “Оролцох ёстой хүмүүсийн тоо багассан нь оршуулах зан үйлийн уур амьсгалыг эрс өөрчилсөн” хэмээн нэмж хэлсэн юм.
Гэхдээ Японы оршуулгын зан үйл соёлын хувьд өөрчлөгдөж байгаа суурь шалтгаан нь хүн ам зүй гэдгийг ноён Норо тодотгож байна. Дундаж наслалт нь 80 байдаг япончуудын хувьд тэтгэвэртээ 20 жил суугаад энйэ хорвоогоос явахад хамтран ажиллаж байсан хүмүүс нь түүний оршуулгад оролцох боломж бараг л үгүй юм.









