Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг боллоо
Калифорни мужийн Залуусын нэгдэл, ЕКГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Америк дахь Монголчуудын “Хөдөлмөрийн яармаг”-ийг амжилттай зохион байгууллаа.
АНУ-д сурч буй оюутан, залуусын хувьд Монголдоо буцаад очиход ажлын зах зээлийн мэдээлэл, ажлын байрны захиалга гэх мэт мэдээлэл байдаггүй байна. Тиймээс 2014 оноос эхлэн уг Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах болсон бөгөөд энэ удаад АНУ-ын 10 мужаас 120 гаруй оюутнууд, Монголын талаас МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Эрдэнэс Таван толгой зэрэг байгууллагууд оролцсон юм.
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж уг өдөрлөгт анх удаа оролцож сургууль төгсөгч оюутан, залуучуудад Монгол дахь ажлын байрны талаархи мэдээлэл өгч, ажилд зуучлах, захиалга байдлаар оролцсон байна. Тус бирж ажилгүй залуучуудыг тодорхой хугацаагаар гадагшаа гаргаж ажиллуулах, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монголчуудыг сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах, ажиллах хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ хөдөлмөрийн яармаг болж байгаа аж.
Уг өдөрлөгөөр Монгол дахь ажлын байрны талаар мэдээлэлгүй байдаг оюутан залуусын хувьд Монголоос ирж байгаа байгууллагуудаас бодит мэдээлэл авах, шууд ажлын байранд зуучлагдах, мөн өдөрлөгт оролцсон байгууллагуудад зуны дадлага хийх боломж нээгдсэн юм.
Мөн энэ үеэр “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээн зохион бйагуулагдсан бөгөөд тэмцээнд 24 оюутан, залуус илтгэлээ ирүүлснээс 8 илтгэл шалгарч, шилдгүүд тодорсон байна.












