"Шатахууны үнийг дахиад 100 төгрөгөөр БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ"

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө Газраас яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр доорх гурван асуудлаар мэдээлэл өгсөн юм.
"Шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурах боломжтой"
"ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, дизель түлшний одоогийн үнэ 50, 100 төгрөгөөр буурах боломжтой байна.
Шатахууны төрөл | Буурах боломж | Одоо байгаа үнэ | Бууруулсан үнэ |
---|---|---|---|
А80 автобензин | 50 төгрөг | 1,470 төгрөг | 1,420 төгрөг |
АИ92 автобензин | 100 төгрөг | 1,580 төгрөг | 1,480 төгрөг |
Дизель түлш | 100 төгрөг | 1,690 төгрөг | 1,590 төгрөг |
Үнэ буурахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт байна. Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад дээрх үнийн бууралтыг зайлшгүй хийх шаардлагатай байна.
Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/
Нэр төрөл | Хилийн үнэ /2014.01 сар/ | Хилийн үнэ /2016.02 сар/ | Буурсан хувь |
---|---|---|---|
А80 автобензин | 998.0 ам.доллар | 468.0 ам.доллар | 53.0% |
АИ92 автобензин | 1,143.0 ам.доллар | 482.0 ам.доллар | 57.8% |
Дизель түлш | 1,143.0 ам.доллар | 440.0 ам.доллар | 61.5% |
Түүнчлэн тэрбээр "Шатахууны үнэ буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ 10 хүртэл хувиар буурах боломжтой. Тиймээс импортлогч компаниуд маань ухамсартай байж шатахууны үнээ буулгана гэж найдаж байна. Хамгийн түрүүнд шатахууны үнээ буулгасан компанийг ШӨХТГ-аас Хэрэглэгчээ дээдэлсэн ААН-ээр өргөмжилнө"
"Төмөр замаар зорчигчдын билетийн үнэнд цай, кофе, цагаан хэрэглэлийн үнийг шингээхээ больсон"
"Бид өмнөх хэвлэлийн хурлуудын үеэр УБТЗ ХНН-д шалгалт хийсэн талаар танилцуулж, илэрсэн зөрчлүүдийг танилцуулж байна. Ингээд бид тус байгууллагад сануулга өгсөн. УБТЗ ХНН өгсөн сануулгыг ухаалгаар хүлээж аваад, зөрчлөө арилгасан байгаа.
Ингэснээр доорх асуудлууд шийдэгдсэн.
Нэгдүгээрт, Худалдан авсан тасалбараа хаясан тохиолдолд дахин авдаг байсныг болиулсан. Өмнө нь тасалбараа хаясан, урж гэмтээсэн тохиолдолд авсан тасалбараа дахин яг үндсэн үнээр нь авдаг байсан.
Хоёрдугаарт, Билетийн үнэ дээр зорчигчийн хэрэглэх кофе, цай, цагаан хэрэглэлийн үнийг нэмэгдүүлж тооцож авдаг байсныг болиулсан. Зорчигч А цэгээс Б цэг хүрэндээ тээврийн бодит зардал дээр дээрх үйлчилгээнүүдийн үнийг төлдөг байсан гэсэн үг. УБТЗ-аас уг зөрчлөө арилгаж, тасалбараа хоёр сонголттойгоор худалддаг болсон. Иргэн та дан ганц тээврийн зардал орсон тасалбар эсвэл билетийн үнэ дээр кофе, цай, цагаан хэрэглэлийн үнийг нэмэгдүүлсэн багцыг сонгож худалдан авах боломжтой болсон"
"Ирэх намар сургалтын төлбөр өсөхгүй байх бололцоог бий болгоно"
"ШӨХТГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх төрөлд хамрагдах 20 гаруй томоохон их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн.
Зөвлөмжид их, дээд сургуулиудын босго оноо зарлагдаж байгаа энэ үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг зөвлөсөн.
Их, дээд сургуулиуд ийнхүү ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хавар олон нийтэд ийнхүү зарлах нь дараах ач холбогдолтой юм. Үүнд:
- Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгоход үнэн зөв мэдээлэлтэй болсон байна.
- Сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлттэй болсон байна.
- Эцэг, эхчүүд, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бэлдэх боломж бүрдэнэ.
- Их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжаанд дэвшин орох оюутнууд хавар сургууль төгсөхдөө сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээлэлтэй болсон байна
Ингэснээр хавар их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтийг нийтэд мэдээлж, элсэгчдэд үнэн бодит мэдээлэл өгснөөр намар хичээлийн жил эхлэх үед эцэг, эх, оюутнуудаас гаргадаг сургалтын төлбөртэй холбоотой өргөдөл, гомдол гapaxгүй болно гэж бид үзэж байгаа.
Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмдэг байсан. Энэ жилийн хувьд инфляцийн өсөлтийн хэмжээ маш бага байгаа тул 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх гэж найдаж байна
Бид мөн зөвлөмжөө БСШУЯ-нд хүргүүлнэ. Биднийг дэмжинэ гэж найдаж байна" гэлээ.









