Хүүхдүүдээрээ бөгсөө арчуулдаг байжээ

Нийслэлийн цагдаагийн дэргэд байгуулагдсан "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах төв"-ийнхөн хоёр хүүхдээ үргэлж зодож дарамталдаг байсан Х гэгчийг олж илрүүлжээ. "Хоёр хүүхдээ дарамталж зоддог эцэг байна" гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу очиж шалгахад 12, 13 настай хүүхдүүдээ сургуульд нь ч явуулахгүй, цагдан хорьж, зодож, өөрийнхөө бөгсийг арчуулдаг байсныг нь тогтоожээ. Цагдаагийн албан хаагчид хоёр хүүхдийг хамгаалах байранд хүргүүлсний дараа Х гэгч нь ЦЕГ-т "Манай хоёр хүүхдийг танай цагдаа нар хүчээр аваад явчихлаа, сургуульдаа ч явж чадахгүй боллоо" гэсэн утга бүхий өргөдлийг гаргасан байна. Хоёр хүүхдийн ээж олон жилийн өмнө Х гэгчээс салсан бөгөөд хоёр хүүхдээ авч яваагүй шалтгааныг мөн хуулийнхан тогтоосон байна. "Би хоёр хүүхэддээ мөнгөн ус өгч алах гэж байсан нь үнэн" гэсэн бичгийг Х гэгч нь эхнэрээрээ бичүүлж аваад хоёр хүүхдээ өөр дээрээ авчээ. Харин шинжилгээгээр хоёр хүүхдийн биенд мөнгөн ус уусан гэсэн хариу гараагүй байна. Үүнээс үзэхэд тэр мөн л эхнэрээ дарамталсаар байгаад хоёр хүүхдээ авч үлдсэн гэж үзэж байгаа аж.









