Монгол залуусын оюуны бүтээлийг 1.9 тэрбумаар үнэлж, хөрөнгө оруулалт хийхээр болжээ

2016 оны 3 сарын 24

Монгол залуусын оюуны бүтээлд Энэтхэгийн тэрбумтан одоогийн ханшаар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан тухай мэдээлэл цахим орчинд тараад байна. Бид энэхүү хөрөнгө оруулалтыг авч чадсан “Dream Positive” компанийн үүсгэн байгуулагч М.Баяржавхлан, М.Бат нартай ярилцлаа.

-ТА МЭДЭЭ УНШИЖ, САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦСОНЫХОО ТӨЛӨӨ МӨНГӨ АВНА- 

-Юуны өмнө хүмүүсийн анхаарлыг татаад буй шинэ аппликейшнийхээ талаар танилцуулна уу?

-Хүмүүст сонирхолтой мэдээ мэдээллүүд болон реклам, зар сурталчилгааг ухаалаг утасны “lock screen” дээр хамгийн хурдан байдлаар хүргэж, түгээж байгаа юм. Хэрэглэгчид өөрт хэрэгтэй мэдээллийг татаж авч, реклам үзэж байгаагийнхаа төлөө мөнгөн урамшуулал авна. Өөрөөр хэлбэл, бидэнтэй хамтарч ажиллаж байгаа компаниудын олгож байгаа мөнгөний тодорхой хэмжээг хэрэглэгчиддээ хүртээнэ гэсэн үг. Ерөнхийдөө л ийм зарчим. Энэ бол бидний эхний төсөл юм. Дараа дараагийн хэд хэдэн сайхан төсөл орж ирэх болно.

-Энэ бүтээлийг гурван залуу хамтран хийж байгаа гэсэн. Анх санаагаа хэрхэн гаргаж байсан бэ?

-АНУ-д Цахиурын хөндий гэх мэтэд IT, технологийн талаар нилээд хөгжчихсөн байдаг. Анх ухаалаг утас, “IPhone” гарч ирэхэд аппликейшн гэдэг зүйлийг би нилээд сонирхож байсан. Тэгэхэд л анх “Ийм зүйл хийж болох юм байна шүү дээ, Монголд иймэрхүү аппликейшн хийвэл болох юм байна” гэж бодсон. Тэндээс Баяржавхлан, Эрик хоёр хамтрагч найздаа яриад үүнийг хамтдаа эхлүүлэх санал тавихад, түүнд таалагдаж хүлээн авсан. Мэдээж бидний анх гаргаж байсан санаанаас хойш нилээд өөрчлөгдөж, боловсронгуй болсон. Түүнээс хойш бид нилээд алдаа гаргаж, засч сайжруулж явсаар өнөөдрийг хүрээд байна. Та бүхэн өнөөдөр их гоё өдөр хүрэлцэн ирлээ. Учир нь өнгөрсөн жилийн яг энэ өдөр бид албан ёсоор нээлтээ хийж байлаа.

-Баяр хүргэе. Гадны улс орнуудад ийм аппликейшныг мэдээж ашиглаж байгаа болов уу? Тэднээс онцлог, ялгарах талуудыг гаргаж ирсэн байх учиртай?

-Тэгэлгүй яахав. Гадны аппликейшнуудыг харахад “Lock screen” дээр дан мэдээлэл, эсвэл дан реклам байршуулдаг. Харин манай бүтээгдэхүүний давуу чанар нь эхний ээлжинд дотоодын шилдэг мэдээллийн сайтууд, контент боловсруулагчидтай их ойрхон ажиллаж мэдээлэл түгээх, реклам зар сурталчилгаа цацах, судалгаа явуулах гэсэн гурван агуулгыг нэгтгэж чадсанаараа онцлогтой. Мөн бид хэрэглэгчиддээ мөнгөн урамшуулал өгч байгаагийн дээр оноо цуглуулах боломжийг бүрдүүлж ажиллаж байна. Тодруулвал, “Candy”, “GG” гэх мэт урамшууллын оноо цуглуулж эргэн худалдан авалт хийх боломжоор хангахаар төлөвлөсөн. Одоогоор онооны систем төгс болооогүй ч, тун удахгүй нэвтрүүлэхээр хөгжүүлэн ажиллаж байна. Миний мэдэхээр ингэж олон талаас нь хөгжүүлсэн “lock screen” бүхий бүтээгдэхүүн байхгүй.

-Аппликейшныг заавал интернэттэй газар ашиглах уу?

-Интернэт заавал орох шаардлагагүй. Өдөрт нэг удаа орчихсон байхад манай мэдээллүүд бүгдээрээ автоматаар, маш бага зай эзлээд суугдчихаж байгаа юм. Тун удахгүй мөнгөн урамшууллаа аваад ирэхээр шилжүүлэг гэх мэт процесс руу орохоор интернэт шаардлагатай болох байх.

-Монголд яг одоо нэвтрээд, хүмүүс ашиглаад эхэлчихсэн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ашиглаж эхэлсэн.

-Бид хэрхэн татаж авч, гар утсандаа суулгах вэ?

-“Google” апп татаж авдаг “Playstore” гэж бий. Тэндээс “Dream Rewards” гэж хайхад л гараад ирнэ. Мэдээж үүнийг татаж аваад ашиглаж болно. Гэхдээ тун удахгүй манайх сайжруулсан, шинэ хувилбараа гаргахаар төлөвлөөд байна. Хэрвээ хуучныг нь татаад авлаа гэхэд автоматаар “update” хийгдээд, шинэчлэгдчих юм.

-Иргэдэд мөнгөн урамшуулал өгөхийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Одоохондоо банк, санхүүгийн байгууллагатай ярилцаж байгаа. Тун удахгүй гэрээ хийгдсэний дараа мөнгөн урамшуулал олгох болно. Одоогоор хэрэглэгчдийн мөнгөн урамшуулал хуримтлагдах байдлаар явж байгаа юм. Мөн манай апп-аар дамжуулан төлбөртэй судалгаа явуулж болно гэж би өмнө хэлсэн. Зүгээр нэг хэдэн асуулга бөглөөд л хуримтлаж буй мөнгөндөө 50 төгрөг ч юм уу нэмэх боломжтой гэсэн үг. Одоогоор Засгийн газар болон бусад томоохон байгууллагууд санал асуулга, судалгаа явуулахдаа үүрэн телефоны операторуудыг ашигладаг. Гэвч хэр хүртээмжтэй байдаг нь их эргэлзээтэй. Манай апп харин маш боловсронгуй байдлаар, өнгө үзэмж сайтайгаар явуулж өгөх чадамжтай юм.

-Ер нь гадны орнуудын жишгээр хүмүүс судалгаа, санал асуулгад оролцохдоо ажил хийсэн гэж үнэлэгдэж урамшуулал заавал авдаг шүү дээ?

-Яг үнэн. Ингэж байж хүмүүс судалгаандаа идэвхитэй оролцож, үр дүн сайтай байна.

-ЭНЭТХЭГИЙН ЗУРГААН САЯ ХҮН АМТАЙ ХОТОД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА- 

-Таны ард нэг сая төгрөгийн баримт байна. Та бүхэн ямар нэгэн тэмцээнд ороод шагнуулсан бололтой?

-Тийм ээ. Бид өнгөрсөн зун Мобикомоос зохион байгуулсан апп-ын “Старт ап” уралдаанд “Dream Rewards”-аар оролцож, хоёрдугаар байрт орсон. Харин цаана нь харагдаж байгаа нь “Unitel”-ээс зохион байгуулсан уралдаанд “Чинжүү” нэртэй апп зохиож, мөн хоёрдугаар байранд орсон. Одоогоор энэ хоёр апп хоёулаа Монголд ашиглагдаад явж байна.

-Хүмүүсийн анхаарлыг татаж буй нэг сэдвийг ярилцахгүй өнгөрч болохгүй юм. Энэ нь Энэтхэг улсын тэрбумтан Паван Бакери та бүхний ажилд 1.9 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай мэдээ юм?

-Тийм ээ. Хувьцаа аваад, хөрөнгө оруулалт хийж байгаа гэж ойлгож болно. Энэ Энэтхэг хамтрагчтай танилцсан түүхээ ярья. CMS группын захирал хийдэг байсан, багын найз Г.Бат-Очир гэх найзтайгаа би өнгөрсөн жил уулзаж өөрийн компанийн талаар ярилцсан юм. Найз маань Паван Бакеритэй өмнө нь хамтарч ажиллаж байсан болохоор Монгол улсад урих үеэр нь бид өөрсдийн санааг танилцуулсан юм. Бидэнтэй хамт өөр хэд хэдэн компани шинэ санаагаа танилцуулсан. Харин бидний санаа түүнд таалагдаж, цаашид хамтран ажиллахаар болсон түүхтэй. Гэхдээ үүнээс хойш ажил хэвийн болж жигдрэх, мөнгө орж ирэх асуудал нилээд удаан хугацааг шаардсан. Цаашид түүний амьдарч буй 6 сая хүн амтай хот, Энэтхэгтээ нилээдгүй чинээлэгт тооцогддог мужийн зах зээлд оруулахаар төлөвлөж байна. Тэнд бидэнд боломж бий. Үүний тулд мэдээж судалгаа хийж үзсэн. Тухайн хотод ийм төрлийн апп байдаг эсэх, хүмүүс ашигладаг эсэхийг тандахад Энэтхэг ерөнхийдөө ийм апп ашиглагддаггүй юм билээ. Одоогоор бид эхний ээлжийн хөрөнгө оруулалтуудаа аваад эхэлчихсэн. Мэдээж гэрээнд тусгасан энэ үнэлгээг нэг дор, бүтнээр нь авна гэсэн үг биш.

-Энэтхэг улсын тухайн мужид энэ апп-ыг хэдийгээр нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд тодорхой хугацаа заах хэцүү. Бид хамгийн хурдан, хамгийн эрч хүчтэйгээрээ ажиллах болно. Эхний ээлжинд шинэ хувилбар хийгдэж, Монголын зах зээлд байр сууриа олсны дараа хүмүүсээс ирэх санаа, оноог шингээж боловсруулсны дараа гадны зах зээлд гаргах болно. Эхний ээлжинд бид жилийн хугацаа шаардагдах болов уу гэж харж байгаа. Мэдээж аливаа юм бүхний эхлэл багаас эхэлдэг шүү дээ. “Apple” компани л гэхэд нэг жижиг гаражаас л эхэлж байсан. Гэтэл яагаад бид чадахгүй гэж? Яагаад монголчууд болохгүй гэж гэдэг асуултыг бид өөрсдөөсөө байнга асуудаг. 

-Заавал Энэтхэгийн хөрөнгө оруулагч гэлтгүй Монголоосоо хөрөнгө оруулагч хайж үзсэн үү? Энэ бүтээгдэхүүн монгол хүний оюуны үйлдвэрлэлийг төлөөлнө шүү дээ. Тэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

М.Баяржавхлан: -Одоогоор Монголын хувьд иймэрхүү оюуны бүтээлийг хүлээж авахад бэлэн биш байна. Залуус иймэрхүү бүтээгдэхүүн гаргалаа ч гадаад руу экспортлож чадаагүй, дотоодын хэдэн компанийн хувийн ажлыг л хийх байдалтай байна. Ийм оюуны бүтээлийг дэлхийд үнэлж байгаа ч Монголд үнэлэх хараахан болоогүй байна. Одооноос л бидэнтай адил залуус бага бага зүйл хувиараа хийж эхэлж байгаа. Тиймээс бид бусаддаа үлгэр дууриал болж, гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гарган, тодорхой хэмжээний амжилт олохоор хичээж байна. Заавал биет, барьдаг зүйлээр гадны улсуудад өөрийгөө таниулах биш, XXI зуун ирчихээд байхад оюуны бүтээлээр ч дэлхийд танигдаж болно шүү гэдгийг харуулахыг хүссэн. Ирээдүйд Монголдоо валют оруулж ирэх цаашдын зорилготой.

М.Бат: -Монгол хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах гэж маш олон удаа оролдсон. Бид гадуур, дотуур маш их явсан. Сүүлд нь нэг зүйлийг ойлгосон. Яг одоо мөнгөтэй, хөрөнгөтэй байгаа хүмүүс энэ бүтээлийг огт ойлгохгүй юм билээ. Явж үзсэн, ерөөсөө бүтээгүй.

М.Баяржавхлан: -Өнөөгийн бидний нийгэмд ямар хүмүүс мөнгөтэй болсон бэ гэхээр тухайн үед маш их хөдөлмөрлөж, цэвэр бизнесээр буюу материаллаг зүйлсээр хөрөнгөжсөн байна. Гэтэл энэ зуунд залуус бид техник технологи, оюуны бүтээлүүдийг төрүүлж байна. Гадны улс орнуудын хөрөнгөтэй хэсэг нь оюуны бүтээл үйлдвэрлэгчидтэйгээ зэрэгцээд явж байдаг тул ойлгоод байдаг, монголчуудын хувьд хөрөнгө орууагчдын ойлголт хоцрогдмол явж байгаа.

-ЗАСЧ САЙЖРУУЛСАН ХОЁРДУГААР ХУВИЛБАР БЭЛЭН БОЛООД БАЙНА- 

-Энэтхэгийн хөрөнгө оруулагч ярилцлагадаа “Монгол залуусыг маш их үнэлж байгаа” гэсэн байсан. Таны хэлсэнчлэн санаа нь байгаа боловч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа залууст өгөх зөвлөгөө бий юу?

М.Баяржавхлан: -Ямар нэг сайхан санаа хүмүүст үргэлж орж ирж байдаг. Түүнийг ажил болгохгүй бол хэзээ ч бүтэхгүй. Залуу хүн зориглоод хийж үзсэн нь л дээ. Юу ч байсан оролдоод үзэхэд, алдсан бол сургамж болоод үлдэнэ. Насны эцэст харамсаж суухаар, оройтоогүй байгаа дээрээ эхлүүлсэн нь дээр. Алдахаас айх хэрэггүй. Ер нь алдаа гэдгийг их л буруу зүйл шиг зааж сургадаг нь надад их буруу юм шиг санагддаг. Алдаа бол амьдралын нэг хэсэг.

М.Бат: -Бууж өгөхгүйгээр байж болох бүх л хаалгыг тогш, гадуур сайн гүй. Айхгүйгээр эрсдэл авч сурах хэрэгтэй.

-Магадгүй хугацаа шаардлагатай байх. Залуус хагас жил ажиллаад л “За бүтэхгүй юм” гээд орхих тал бий. Та бүхний хувьд өнөөдрийг хүртэл хэдий хэр хугацаа шаардлагатай байв?

-Эхний хувилбар маань 5-6 сар болж байж бэлэн болсон. Өнөөдөр бид нэг жилийнхээ ойтой золгож байна. Төгс бүтээл гарна гэж хэзээ ч байдаггүй. Технологийн хөгжил явцын дунд үргэлжид өөрчлөгдөж, шинэчлэгдэж, сайжирч байдаг. Эхлэх үед шантрах зүйл маш их тохиолддог. Хугацааны хувьд бид одоо ч хоёрдугаар хувилбараа хийх гээд ажилласаар л байна. Уг нь энэ оны нэгдүгээр сард гаргахаар төлөвлөсөн ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Бүх зүйл яг санаснаар болохгүй, хугацаа  алдах үе бий. Дор хаяж нэг жилийн хугацаа урсаад л өнгөрнө.

-Апп-ыг хийхийн тулд нилээдгүй судалгаа хийсэн гэж сонсож байсан. Юунд түшиглэн ямар судалгаанууд хийж байв аа?

-Манайх АНУ-ын томоохон судалгаануудыг авсны дээр монгол хүмүүсийн дунд бага хэмжээний судалгаа явуулсан. Мэдээж зарим хүмүүс өдөрт маш их давтамжтай утсаа нээж, оролдож үздэг бол зарим нь маш бага байх жишээтэй. Дундаж насныхан утсаа их оролддог бол, ахимаг насныхан төдийлөн оролдоод байдаггүй, хүүхэд залуус мэдээж өдөр тутамд байнга оролддог юм билээ.

-Анх энэ компани гурван залуугийн бүрэлдэхүүнтэй байж. Харин өнөөдөр?

-Яг одоо 10 гаруй хүн ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар та бүхэн хэдэн хэрэглэгчтэй болсон бэ? Тойм бий юу?

-Андройд хэрэглэгч 5000 давсан байна. Шинэ хувилбараа хүлээгээд маркетингаа түр зогсоосон байгаа.

-Шинэхэн ажлын байртай болсон байна. Залуус өөрийн ажиллах орчноо ямар байгаасай гэж хүсч, тохижуулсан бэ? Тухайлбал, та хоёрын ард Стив Жобсын үгийг бичсэн байна...

-Стив Жобсыг мэдэхгүй хүн ховор, бид бол шүтдэг. Учир нь Стив Жобс байгаагүй бол апп гэдэг зүйл ч мөн байхгүй. Бид энэ хүнд талархаж, хүндлэж байгаа тул хэлсэн үгийг нь үргэлжид харж, уншиж байхаар энд байрлуулсан.

Зураг. Тэд ширээн дээр байрлуулсан шилэн дээр өдөр тутмын болон сарын төлөвлөгөөгөө бичиж, хүн тус бүрийн ажлуудаа хуваарилан авдаг байна.

Зураг. “Great idea” буланд багийн гишүүд өөрт бодогдсон шинэ санаануудаа бичиж наадаг. Одоогоор хоёр шинэ санаа гарсан аж.

Зураг. Дэлхийн газрын зураг. Баруун ханандаа дэлхийн газрын зураг хийж наажээ. Түүгээр Монголоос дэлхийд гарна гэсэн зорилгоо бэлгэдсэн байна.

Зураг. Дээрх зурагт 21 дүгээр зуун бол IT-ийн эрин үе бөгөөд хүмүүс хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг харуулжээ.  

-Бидэнтэй цаг гарган ярилцсан та бүхэнд баярлалаа. Манай уншигчдад хандан, нэмж хэлэх зүйл бий юу?

-Тун удахгүй манай апп-ын сайжруулж шинэчилсэн хувилбар гарах гэж байна. Манайх мөн IOS дээр гаргаж байгаа. Мөнгө дамжуулж байгаа учраас одоохондоо “lock screen” дээр гарахгүй. Хүмүүс хоорондоо харилцах л боломжтой. Маш олон хүн энэ талаар санал шүүмж хэлж байгаа ч бид болохоос нь болохгүйг нь хүртэл хичээж байгаа. Бид ч бас удахгүй гаргах хүсэлтэй байгаа шүү дээ. Шинэ хувилбарыг минь татаж авч ашиглаарай, найзууддаа түгээгээрэй. Мэдээж таалагдахгүй бол та устгаж болно шүү дээ. Тиймээс хэрэглээд үзэхэд танд алдах зүйл байхгүй. Монголоос гаргаж байгаа зүйлийг та дэмжихийг хүсвэл татаж аваад ашиглахад л болно.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30534
0 эможи
keyboard_arrow_up