Хятадын засгийн газарт мах гаргах боомтоо нэмэх санал тавина

“Махны экспортын төрийн бодлого”түүний хэрэгжилтийн тухай хэлэлцүүлэгт төрийн болон махны үйлдвэрлэл эрхлэгчид, мах махан бүтээгдэхүүн экспортлогч нар нэг дор чуулсан юм. Тус хэлэлцүүлэгт МХЕГ-ын дэд дарга П.Ангараг болон төрийн байгууллагуудын төлөөлөл, махны үйлдвэр болон мах махан бүтээгдэхүүн экспортлогч 52 компаний 68 төлөөлөл оролцлоо.Хэлэлцүүлгээр махны экспортын төрийн бодлого, бизнесийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар “Мах, махан бүтээгдэхүүний экспорт”, “Мах, махан бүтээгдэхүүний экспортын замын зураглал” сэдвээр оролцогч нарт мэдээлэл хийлээ.
Монгол Улсад нийт 60 гаруй махны үйлдвэр байдаг бөгөөд тэдний тал нь гадагшаа мах экспортлох эрхтэй юм. Гэвч ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон орон руу цөөн нэр төрлийн, бага хэмжээний мах нийлүүлэх боломж яригдаж эхэлсэн нь сүүлийн жилүүдэд гараагүй дэвшил ч, цаашид энэ үйлдвэрүүд бизнесийнхээ хүрээг тэлэх шаардлагатай болсныг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав онцолж байна. Мөн тэрбээр дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний махны экспорттой байхын тулд мах үйлдвэрлэгчдийн менежментийг ярьж, тодорхойлох нь чухал гэж тайлбарлалаа. Иймээс өнөөдөр мах экспортлох бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд “Махны экспортын төрийн бодлого” хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөрсөн өвөл малчид зуд болох сургаар малаа нядалж, нийслэлийн махны нийлүүлэлт энэ хэрээр гурав дахин нэмэгдсэн. Мөн махны үнэ дөрөв дахин буурсан. Гэхдээ энэ бол байнга өрнөх тохиолдол биш. Иймээс нийтийн өмчийг хувьдаа ашиглаж буй 500-гаас дээш малтай малчид малын хөлийн татвар төлж, малаа эрүүл байхад анхаарах зэргээр бизнесмэн, малчин, төр, худалдан авагчид аль алинд нь ашигтай махны нийлүүлэлтэд чиглэсэн нэгдсэн бодлоготой болох шаардлагатайг Б.Лхагважав хэллээ.
Бургастайн боомт нь тэгш тоотой саруудад ажилладаг учир махны экспортын нийлүүлэлт удааширсан. Иймээс Монголын тал БНХАУ-ын Засгийн газарт мах гаргах боомтоо нэмэгдүүлэх саналыг тавихаар болжээ.









