“Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2012-2015 онд орлого багатай өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор "Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж, нийт 55,0 мянга гаруй өрхийг хамруулснаар тэдний 30 гаруй хувийн амьжиргаанд нааштай өөрчлөлт гарсан гэсэн үзүүлэлт гарчээ.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлагад үндэслэн цаашид Тогтвортой хөгжлийн зорилт дах ядуурлыг бууруулах талаар тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор баталсан.
Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн мэдлэг олгох зэрэг үйлчилгээг багцлан хүргэх замаар зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулан амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд оршино.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр хөтөлбөрт хамрагдсан нийт өрхийн 50 хувийнх нь хөгжлийн бүлэг ахиж, хөгжлийн бүлэг ахисан өрхийн 30-аас доошгүй хувийнх нь амьжиргаа ядуурлын шугамаас дээш гарсан байх юм. Иймд төрийн байгууллагын оролцоо дэмжлэгийг сайжруулах, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөтөлбөрийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор энэхүү танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад яамдууд, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцлоо. Уулзалтын үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон олон улсын байгууллагыг төлөөлж Швейцарийн хөгжлийн агентлагын "Тогтвортой бичил уурхай" төслөөс Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар танилцуулсан юм.









