А.Гантулга: Эхний хоёр өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэнэ

2016 оны 3 сарын 22

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ талаар ТОСКийн захирал А.Гантулгаас тодрууллаа.

-“Түрээсийн орон сууц”-ны бүртгэл өнөөдрөөс Улаанбаатарт болон арван аймагт эхэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэчнээн байр түрээслүүлэх вэ?

-Эхний ээлжинд 920 айлын орон сууцыг түрээслүүлнэ. Үүний 350 нь Улаанбаатар, “Буянт-Ухаа 2” хорооллоос түрээслүүлнэ. Үлдсэнийг нь аймгуудад барьж байгаа “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн ашиглалтад орсон байрнаас түрээслүүлнэ. Зарим хүн Төрийн орон сууцны корпорацийнхан орон сууцаа борлуулж чадахгүй, түрээслүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж ярьж байна. Тийм биш шүү. Өнөөдөр түрээсийн байрны хүлээлт, зах зээл хангалттай байна. Судалгаагаар зөвхөн Улаанбаатарт гэхэд жилд 28 мянган өрх түрээсийн орон сууцанд амьдарч байна. Тэгвэл энэ зах зээлд, байрныхаа 30 хувийн урьдчилгааг шууд төлөх боломжгүй, яг өнөөдөртөө байр худалдаад авах боломжгүй тэр иргэддээ хандсан хөтөлбөр л хэрэгжүүлж байгаа юм. Аль ч улсад ийм хөтөлбөр байдаг. Манай өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдлыг харахад 30 хувийн урьдчилгаа төлөөд байртай болох айл өрхийн тоо ерөнхийдөө ханасан. Одоо 30 хувийн урьдчилгаагаа шууд гаргаад төлчих өрхүүд үлдэж байна. Түрээсийн орон сууц бол тэдэнд хандсан хөтөлбөр. Гучин хувийн урьдчилгаагаа гаргаж чадахгүй бол гэр хороололдоо амьдар гэж болохгүй шүү дээ. Хэрвээ бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа нь үнэн л юм бол хүн төвтэй, хүндээ хандсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Хүн бүр, айл болгон байранд амьдрах эрхтэй. Харин тэднийг санхүүгийнх нь боломж бололцоонд таарсан хөтөлбөрүүдээр дамжуулж орон сууцжуулах нь төрийн үүрэг.

-Өнөөдөр бүртгүүлэхээр маш олон хүн иржээ. Эдгээр хүмүүсийн хувьд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Тухайн өрхийн сарын орлогын 25 хувь нь түрээсийн орон сууцны төлбөртөө хүрч л байвал энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогоор 50 ам метрт талбай бүхий хоёр өрөө байрыг сарын 280 мянган төгрөгөөр түрээслүүлэх боломжтой гэж тооцож байгаа. Энэ бол зах зээлийн ханш гэхээсээ илүүтэй, байр түрээслэж амьдардаг иргэдийнхээ эдийн засгийн чадавхи, бодит байдалд тохирсон төлбөр гэж тооцож байгаа. Өнөөдрөөс нэгдсэн журмаар бүртгэл эхэлж байна. Ингэхдээ бүлэг тус бүрээр өдөр хуваарилж, бүртгэнэ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг нийт долоон бүлэгт хувааж эхний хоёр өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг, дараагийн өдөр нь 4-өөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, хувийн хэвшил, төрийн албан хаагчдыг бүртгэнэ. Энэ мэтээр шалгуур хангасан бүх иргэнийг бүртгэнэ. Түрээсийн орон сууцанд хамрагдах гэж буй иргэн өөрийн эзэмшлийн байргүй, орлого зарлагын хэмжээ хүрэлцэж, баталгаажсан орлогод нийцэж байх ёстой. Цаашид түрээсийн төлбөрөө төлөөд явах санхүүгийн бүрэн чадавхи, бололцоо байна уу гэдгийг холбогдох албан бичгээр дүгнэж баталгаажуулсан байх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30416
0 эможи
keyboard_arrow_up