Хөдөлмөрийн сайд өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцахаар боллоо.
Төв цэвэрлэх байгууламжийн Ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг “Манай зарим ажилчны ажлын нөхцөлийг 2004 онд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 77 дугаар тогтоолоор “хүнд” гэж тогтоосон. Уг тогтоолоор зөвхөн сараалжны барилга, агааржуулалтын станц, насосны станц, барилгын ажилчдын нөхцөлийг “хүнд” ангилалд шилжүүлсэн юм. Харин бусад албан хаагч өнөөдрийг хүртэл энгийн нөхцөлөөр ажиллаж байна. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрлөө. Хэвийн бус ангилалд багтах хэрнээ албан тушаал нь заагдаагүй ажилчид цөөнгүй байна” гэж ярьсан.
2004 оноос хойш зөвхөн ахуйн бохир ус нийлүүлэх ёстой цэвэрлэх байгууламжид үйлдвэрүүдийн хаягдал ус ихээр нийлүүлэх болсноор ажилчдын ачаалал нэмэгдэн, ажиллахад бэрх болжээ.
Тус байгууламжийн эмч Ц.Хүрэлдулам сүүлийн жилүүдэд үйлдвэрүүдийн бохир ус хүлээн авах болсноор ажилчдын өвчлөл нэмэгдэж, тэтгэвэрт гарч чадалгүй өөд болох тохиолдол бий болсон хэмээн мэдээлсэн.
Харин Хөдөлмөрийн сайд Төв цэвэрлэх байгууламжид өөрийн биеэр очсоноор ажилчдын нөхцөлийг “хортой”-д шилжүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн албан хаагчид ихээхэн найдлага тавьж байгаа юм.
Хэрэв тэдний нөхцөлийг “хортой”-д шилжүүлбэл ажилчид таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой болох нь ээ.









