"МҮҮН" урсгалын тухай Хэн, Юу хэлэв

2016 оны 3 сарын 17

Сүүлийн үед хэвлэлээр их шуугих болсон "МҮҮН" урсгалын  талаар  Хэн, Юу хэлсэн тухай албан ёсны эх сурвалжид гарсан  мэдээлийг танд хүргэж байна танд хүргэж байна. /2016.03.09-2016.03.16/

 

БШУЯ-ны Стратери, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр: Би “Мүүн”-д хэзээ ч ажиллаж байгаагүй

-Би амьдралдаа Мүүн гэдэг байгууллагад хэзээ ч ажиллаж байгаагүй. Харин залуу хүний хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор үеэлийнхээ зөвлөснөөр Дэлхийн энхтайвны байгууллагад очиж байсан. Монголын боловсролын системд мүүний талаар нэг үг, үсэг, өгүүлбэр ч байхгүй. Байгаад гараад ирэх юм бол би ажлаасаа халагдахад бэлэн. Монгол улсын боловсролын системийг нэг хүн хийдэг ажил биш. Боловсруулсан бүх бодлого, хөтөлбөрийн нэрс болон хүмүүсийн нэрс цахимаар хайхад гараад ирнэ. Бага боловсролын сургалтын хөтөлбөрт нэг ч Мүүний тухай мэдээлэл байхгүй. Мүүн эцэг, мүүний хайр гэх нэг ч үгийг бага боловсролын сургалтын хөтөлбөрөөс олж харахгүй. Хэрэв тийм үг, үзэл суртал байвал энэ ажлыг шууд өгөхөд бэлэн байна. Энэ хөтөлбөр батлагдсан өдрөө шууд онлайнд тавигдсан учраас би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэрийг хэн ч үзэж болно. / Eagle.mn 2016.03.09 /

-Энэ асуудлыг дэвэргэж байгаа цаад эздийг нь илрүүлэх болно: Өнөөдрийн болж байгаа үйл явдал дээр намайг Мүүний шашинд байсан, байж магадгүй гэсэн, чи заавал тийм шашинтай байх ёстой гэсэн тулган шаардалт явагдаж байна. Би Мүүний төрийн бус байгууллагад бол байсан. Түүний үзэл онол, сургааль номлолыг судалж байсан нь үнэн. Дээр нь уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдаж байсан. Гэтэл энэ бүгдийг гуйвуулж буруу зөрүү ярьсан нь үнэнд нийцэхгүй байна. Намайг үндэсний дайсан мэтээр ойлгуулж буй энэ гүтгэлгийг би өнөөдрөөс эхлэн албан ёсоор хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Боловсролын салбарыг харлуулах гэсэн оролдлогоо зогсоохыг уриалж байна. Цэрэн гэх эмэгтэй 10 гаруй зүйлээр намайг гүтгэсэн. Хуулийн байгууллага бүх үнэнийг тогтоож өгөх байх. /Өглөөний сонин 2016.05.15 №049/

- Ажлаа өгөх юм бол бууж өгсөн болох юм байна:  Өчигдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа тухай хийсэн мэдэгдэл маань Монгол Улсын зүрх тархи нь болсон эрдэмтэн, багш нарын нэр хүнд, хүүхэд бүрийн хөгжлийг хамгаалах шийдвэр байлаа. Зохион байгуулалттай бэлтгэсэн, хөлс мөнгө төлсөн хүмүүсийн үйлдэл бол үерийн ус шиг юуг ч хамж болдгийг хараад зогсоох ХҮЧ бол “ажлаа өгөх өргөдөл”-өөс өөр сонголт надад үлдсэнгүй. Надад энэ их мөнгөний эсрэг сөрөн зогсох мөнгө, боломж үнэхээр байсангүй. Өргөдлийнхөө хамт Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний төлөө дараах шийдлийг мөн гаргалаа. Тагнуулын ерөнхий газарт энэ гүтгэлэг доромжлолын зохион байгуулагч, захиалагч нь хэн болохыг тодорхой болгож өгөх хүсэлт. Эрүүгийн цагдаагийн газарт сэтгэл сэртхийлгэж, хүн харахын аргагүй эвлүүлэг хийж цагийн давтамжтай нийтэлж буй эздийг тодруулж холбогдох хариуцлага хүлээлгэх хүсэлт. Иргэн Цэрэндолгорын 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр олон нийтэд зарлаж намайг гүтгэсэн үйлдлийн үнэн мөнийг тогтоолгохоор Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргалаа.Мэдэгдэл хийсний урьд өдөр буюу бүтэн сайнд ажил дээрээ олон хүнтэй уулзаж зөвлөсний эцэст ажлаа өгөх юм бол бууж өгсөн болох юм байна, тийм учраас энэ зохион байгуулалттай зүйлийн эсрэг юу хийх тухайгаа тохироод гэртээ харьсан юм. Гэвч сэтгэл дотор боловсролын салбар маань ямар эмзэг бас нандин хайрламаар, аминаасаа ч илүү хамгаалмаар, улс үндэстний ирээдүй, тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжлийн үндэс түлхүүр шүү дээ гэж бодохоор нулимс минь гарч дотор давчдаж байлаа.  Хүүхэд бүрээ хөгжүүлнэ гэсэн итгэл найдвар, гал цогоор дүүрэн багш нарын минь урам зоригийг мөнгөнд улайрсан хүмүүсээр дахиад нэг өдөр доромжлуулж, ард түмэнд төрүүлсэн айдас төөрөгдлийг дахиад нэг өдрийн үйл явдлаар нэмэхийг хүссэнгүй. Тиймээс өмнөх өдөр нь журмын нөхөдтэйгээ тохирсон тохироо, цаашдын төлөвлөгөөт ажлаас илүү боловсролын салбарынхаа хүн нэг бүрийн сэтгэл зүтгэлийг хүндэтгэж миний бие хэнд ч хэлэхгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байгаагаа мэдэгдлээ. 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн энэ шийдвэр олон хүнийг гайхшруулсан хэдий ч надад хийсэн гэм, буруу байхгүй учраас сэтгэл маань аз жаргалтай, өөдрөг байлаа. Хүмүүс тэр эмэгтэйд ингэж бууж өглөө гэж дургүйцсэн ч, эрдэмтэн багш нар айл гэр бүл бүрийн эрдэнэс болсон хүүхэд залуучууд бүрийн хөгжлийн төлөөх энэ боловсролын салбарын ариун дагшин байлгах миний хайр, хүндэтгэл, хүсэл бүхнээс илүү ялалт. Миний бие ажиллах хугацаандаа дэлхийн бүх улс орны хийж амжаагүй “хүүхэд бүрийн хөгжлийн” системийн суурь хандлагыг бүтээлч хамт олонтойгоо угсарч чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. /Unen.mn 2016.03.16/

 

"Цэрэн Турс" ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор: Боловсролын Газарт Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна

 Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаярыг Монгол Улсын бүх түвшний боловсролын бодлогын уламжлалт аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусийг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжыг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж буйд иргэний хувьд ээж хүний хувьд сэтгэл ихэд эмзэглэж байна. Солонгос улсаас гаралтай Мүүн буюу Эв Нэгдлийн сүмийн мөнгийг Боловсролын яамаар дамжуулан давталттай угааж буй гэсэн миний хардалтыг шалгаж Монгол үндэстний оюун санааг төөрөгдүүлэх ажлыг зогсоож өгнө үү хэмээн энэ хүсэлтийг гаргаж байна. Мүүн гэгч гаж урсгал нь Энх Тайван, Гэр бүл, Олон Улсын эмэгтэйчүүд, Дэлхийн Энх тайвны төлөө гэх мэт олон сайхан нэрс, халхавчин дор Монголын нийгмийг талцуулах, өсвөр үеийг урхидан боолчлох ажлаа бэлтгэгдсэн сайн дурын ажилчдаар хийлгэдэг ба цаашилбалболовсон хүний наймаа хийдэг болно. Монголоос итгэл сүсгээр дамжуулан олон тооны бүсгүйчүүдийг нутагтаа ирэх аргагүй гэрээгээр харьд илгээж байна. Эрх мэдлээ давуулан ашиглаж Монголын бүх аймаг нэгжийн Боловсролын Газарт Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна. Монголын хамгийн чухал эрдмийг түгээх салбарт харийн шашны гаж урсгалынхан ажиллаж байна. Цаашилбал энэ хүний удирдан явсан бүх Төрийн бус байгууллагуудыг шалгаасай хэмээн хүсэж байна. /24 tsag.mn 2016.03.11/

Нийтлэлч У.Оргилмаа: “Чөтгөрийн гурвалжин” ба МҮҮН ХҮН-ийг залгих уу

 Саяхнаас Н.Энхбаярын “МҮҮН”-чин буюу Сон Мён Мүүнийн хүүтэй хийсэн уулзалтын зураг гайхаш төрүүлэх болов. Дэлхийн энхийн наадмын санаачлагч, МҮҮН-ийг үндэслэгч Хён Жин яагаад Н.Энхбаяртай уулзсан юм бол. Арай Солонгост эмчлүүлж байгаад гэмт нүгэлтний ёсоор биш Холливудын одын хэмжээнд дуулиан тарьсаар ирэхдээ хүртэл Мүүнийн хүүтэй холбоотой байсан юм биш биз. Мэдээж Мүүн монголчуудыг “энхтайван” гэдэг үгийг “мартаж амжаагүй” байхад нь ирээд л тэр үгэн дороо нууж олон мунхруулга хийсэн талаар нь “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” хөндсөөр байна. 

Гэтэл яагаад үе үеийн Төрийн тэргүүнүүд маань, тухайлбал П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Мүүн, эсвэл МҮҮН-ийг үндэслэгчийн хүүтэй холбогдох болов. Дашрамд сонирхуулахад 1990 онд өнөөх Сан Мён Мүүн нь тухайн үеийн ЗСБНХУ-д айлчлахдаа М.С.Горбачёвт хандан “Танай улс К,О,М гурвыгаа аваад хаячихвал МУНИЗМ үлдэнэ” хэмээн айлдсан талаарх нийтлэл харагдав. Тэгэхээр СССР-т хүртэл МҮҮН-ийн мунхруулга нэвтэрсэн аж.   

Тэгэхээр энэ их гүрний дэргэд монгол хүн “Эцэг Сан Мён Мүүн”, “Эх Хан Хаг Жа” гээд яриад явах энүүхэнд биз. Тэгээд ч нэгэн бичлэгт үзүүлж байсанчлан С.Баярцогт, Д.Идэвхтэн нар “энхтайван” дэмжиж алга ташин лекц сонсох хийгээд Солонгост сурч боловсроод эдүгээ “намд тэмүүлэх” ХҮН-ын гишүүн Н.Одонгуа нарын хооронд тодорхой хэмжээнд ялгаа бий. Намаа сүлжээний мунхруулгын хэлбэрээр санхүүжүүлэх, эсвэл тэрхүү сүлжээнд нэг иргэн ч атугай нэмж татан оруулах үүрэг хүлээсэн ТББ-ын ажилтан, улмаар нэг бус компани  байгуулах хөрөнгө гаргуулаад зогсохгүй сонгуульд нэр дэвших хүртлээ хөлжсөн, хөлсөнд нь хүнийг амьдаараа булуулж гэм нүглээ цагаатгаж болдог гэж итгэтэл нь мунхруулдаг ийм улс төр, ийм үнэ цэнэтэй “доллар” гэж байх уу. 

4 дүгээр сургуулийн 1Е ангийн багш Д.Ганцэцэг Мүүн боловсролын хөтөлбөрт нөлөөлөөгүй: Цахим сүлжээгэээр яриад, бичээд байгаа шиг зүйл байхгүй. Тэр номын зургийг нь бид харсан. Аливаа юмыг шинжлэн судлах хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан номнууд сургалтын хөтөлбөрт огт ашиглагддаггүй.  Мүүн ч байна уу аль нэг шашны нөлөө боловсролын хөтөлбөрт ороогүй, орох боломж ч байхгүй.

 

МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхмийн багш С.Дэмбэрэл: Мүүнийг эрүүл нийгмийн эсрэг шинж төрхийг нь илчилж,  хохирогчдыг буцааж нийгэмшүүлэх үйл ажиллагааг явуулж ирсэн

1990 оноос Монгол улс ардчилсан нийгэмд шилжин ард түмний шашин шүтэх, эс шүтэх эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан цагаас Монголчуудын шашин оюун санааны оронд зайд олон шашнууд номлол сургаалаа дэлгэрүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэний нэг нь Мүүнийн шашин шинэ шашны хөдөлгөөн/ юм.

 Ардчилсан улс орнуудад Мүүн гэх мэт шинэ шашны хөдөлгөөнүүд тухайн  орны үндэсний аюулгүй байдал, соёл уламжлал, нийгмийн тогтсон хэм хэмжээнээс гажсан номлол сургаал дэлгэрүүлж, хүүхэд залуучуудыг гэр бүл, нийгмээс нь тусгаарлах сөрөг үйл ажиллагаагаа явуулах болсоныг үр хүүхэд, төрөл садныхаа сэтгэл санааг Мүүнийн үзэл суртлын нөлөөнд алдсан хохирогчид, хуучин гишүүд, иргэний нийгмийн төлөөллүүд шүүмжилж, 1960-1970 оны үед энэхүү хөдөлгөөний эсрэг /anti cult, counter cult movement/ үйл ажиллагаа өрнүүлж, тэдний буруу, эрүүл нийгмийн эсрэг шинж төрхийг нь илчилж, шашны гаж урсгалд тооцон, хохирогчдыг буцааж нийгэмшүүлэх үйл ажиллагааг явуулж ирсэн байна./24 tsag.mn 2016.03.10/

 

Сэтгүүлч: МҮҮН нэртэй МӨНГӨ

МҮҮН-ий талаарх нийгмийг талцуулсан маргааны цаана маш их мөнгөний асуудал яригдаж болохыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг зах зухаас нь харууллаа. Нэвтрүүлгийн үеэр хөндөгдсөн зарим баримт, тэдгээрт өгсөн олон нийтийн дүгнэлт, сэтгэгдлүүдийг харвал МҮҮН гэдэг нь шашны үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй асар их мөнгө дагуулсан бизнесийн сүлжээ бололтой. Ийм ойлголт өгөхүйц дараах баримтууд дүрсээр гүйгээд өнгөрснийг дор сийрүүлэн буулгав.

“Өнөөдөр манай улсад мүүний гэх тодотголтой төрийн бус байгууллага ганц, хоёроор тоологдохгүй. Үүнээс Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгууллага цөөнгүй. Одоогоор  хамгийн их хөрөнгийг эзэмшиж байгаа толгой компани бол “Ийстгарден” гэх Солонгосын хөрөнгө оруулалтай компани юм. Толгой компани нь Өмнөд Солонгосын Сөүл хотод байрладаг” аж. МҮҮН-ийн  санхүүжилттэй дараах байгууллагуудыг “Цензургүй сурвалжлага”-аар нэрлэсэн юм.

1.Эв нэгдлийн сүм. Дархан, Эрдэнэт, Дорноговь, Дорнодод салбартай

2.Удирдах төв. Байгууллагууд нь үйл ажиллагааны тайлангаа сар, жилээр гарган тайлагнадаг. Санхүүжилтээ авдаг

3.Дэлхийн энхтайвны төлөөх Монголын эмэгтэйчүүдийн холбоо   

4.Дэлхийн энхтайвны төлөөх Монголын гэр бүлийн холбоо. Дэргэдээ “Ёсзүй-Эх орон” клубтэй. Тэтгэлэг олгодог.

5.Яргуй цэцэрлэг.    

6.Олон улсын Боловсрол сан.    Дэргэдээ “Оюутан” клубтэй. Хөдөө орон нутгаас тэргүүний сурлагатай оюутан сонгож аван тэтгэлэг олгодог

7.Дэлхийн энхтайвны төлөөх Олон улсын шашин хоорондын Монголын холбоо    УИХ-ын гишүүд болон нэр нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажилладаг. Б.ТӨРБАТ /ӨГЛӨӨНИЙ СОНИН 2016.03.14/

 

Сэтгүүлч: -МҮҮН Монголд ХҮ нам байгуулж, МАН-ын мүүнчид санхүүжүүлэгчид нь болов уу

Дэлхийн олон улсад хориглосон МҮҮН-ийн гаж урсгал Монголд хэдийнэ нутагшиж, улстөрчид мүүнчид болоод удаж буйг “Цензургүй баг”-ийнхны бэлтгэсэн “Монгол дахь МҮҮН ажиллагаа” нэвтрүүлгээс үзэж болно. “Цензургүй баг”-ийнхны цуглуулсан баримтаар Ц.Нямдоржоос эхлээд МАН-ын нөлөө бүхий улстөрчид мүүнчид болох нь тодорхой боллоо. МҮҮН-ийнхэн Монголын улстөрчдийг нөлөөндөө аваад зогсохгүй улс төрийн нам байгуулж, төрийн эрх авахыг санаархжээ. Тодруулбал, саяхан байгуулагдсан ХҮ нам МҮҮН-ий нам болох нь тодорхой боллоо. ХҮ намын лого нь МҮҮН-ийн ёсолгоо гэдгийг уншигчид анзаарч байгаа биз ээ. Мөн тус намын даргаар С.Ганбаатарыг тавьсан нь ч учиртай. Тэрбээр олон жилийн өмнө мүүнчин болсон бөгөөд энэ урсгалд хамгийн үнэнч улстөрч гэдгийг судлаачид андахгүй. С.Ганбаатар МҮҮН-ийн гаж урсгалыг Монголд нутагшуулж, олон жил сурталчилж яваа. Үүнийхээ шанд МҮҮН-ийн намын дарга болж, Ерөнхийлөгч болно гэж дуугарч яваа. МҮҮН-ийнхэн өөрсдийн байгуулсан намынхаа даргыг Ерөнхийлөгч болгох зорилготой байгаа нь тодорхой боллоо. Үүнээс гадна МҮҮН-ийн Монгол дахь ХҮ намыг санхүүжүүлэгчид нь МАН-ын мүүнчин улстөрчид санхүүжүүлдэг гэх мэдээлэл ч байна.

МҮҮН-ийнхэн дэлхийн олон улсад улстөрчдөөр дамжуулан төрд гарахын оролдож байсан ч нам байгуулж байсан удаагүй. Гэтэл анх удаа Монгол Улсад намаа байгуулж, улс төрд байр сууриа эзлэхээр ажиллаад эхэлчихжээ. /Шуурхай.мн 2016.03.14/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30154
0 эможи
keyboard_arrow_up