Хуучин орон сууцны үнэ буурсаар л...

”Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 оны 02 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,657 орон сууцны үнийг хамруулсан болно.
2016 оны 2 дугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10.0%-иар буурчээ.
2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна. БГД-ийн “Golden park” хотхонд 2015 оны 2 дугаар сард 1 м2 дундаж үнэ 1,899,000 төгрөг байсан бол 2016 оны 2 дугаар сарын байдлаар 1,638,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.7%-иар буурсан байна. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 2 дугаар сарын байдлаар 2,042,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар тус тус буурсан байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ - 2 ӨРӨӨ БАЙР
-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.
-2000 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ, дүүргүүдийн дундаж үнэ. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2016 оны 02 дугаар сарын байдлаар 81,044,000 төгрөг болж өмнөх сараас 3.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.5 хувиар тус тус буурсан байна.









