Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ХУРАЛДЛАА

2016 оны 3 сарын 10

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр  Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орох, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөв.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталж, одоогоор 78 улс нэгдэн оржээ. Тус конвенци нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг хангаж, тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах, цацрагийн болзошгүй ослын эсрэг үр ашигтай хамгаалалтыг бий болгож хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгаж, цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилготой юм.
 
Манай улс уг конвенцид нэгдэж орсноор санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй бөгөөд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж. Ингээд конвенцид нэгдэн орох, конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн тухай болон шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай асуудал тус тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Мөн эдгээр асуудлыг зөвшилцсөнтэй холбогдуулан зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29900
0 эможи
keyboard_arrow_up