“Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
Өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн 3 дахь удаагийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Энэ жил Улаанбаатар, Ховд, Дорнод, Говьсүмбэр, аймгуудаас нийт 1000 оюутан уг хөтөлбөрт хамрагдана. Уг хөтөлбөрийн бүртгэл 2016 оны 03-р сарын 10-аас бүх их, дээд сургуулийн сургалтын албадууд дээр эхэлж байна.
Монголын оюутны холбоо Монгол улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойгоороо “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаснаар ажил хэрэг болох эхлэл тавигдаж 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92-р зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 40-р тогтоол, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд нарын А/491, А/56 тоот хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журам батлагдаж өдгөө 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Өнгөрсөн хугацаанд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх талаар орон нутгийн Их, дээд сургуулиудаас санал хүсэлт ирсэний үндсэн дээр энэ жил Дорнод, Ховд, Говьсүмбэр аймгуудад хэрэгжих гэж байгаа нь уг хөтөлбөр улс орон даяар хэрэгжих эхлэл суурь тавигдаж байгаагаараа энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөр онцлогтой болж байгаа юм. Уг хөтөлбөрт 2014 онд 481, 2015 онд 995 оюутан буудагч, тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэгдсэн бөгөөд бие бялдар, зан суртахууны хувьд тэсвэр хатуужилтай, зөв хүн болон төлөвшиж үе тэнгийн найз нөхөд, гэр, бүл, хамт олондоо үлгэр жишээ үзүүлсээр байна.









